ХУРЛЫН ШИЙДВЭРТ ХОРИГ ТАВИХ ЗОХИЦУУЛАЛТ

Монгол Улсын Их Хурал Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг 2020 оны 12 дугаар сарын 24-ний өдөр баталж, 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс дагаж мөрдөхөөр тогтоосон.

Тус хуульд иргэдийн Нийтийн болон иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын шийдвэрт тухайн шатны Засаг даргаас хориг тавихтай холбоотой асуудлыг дараах байдлаар зохицуулжээ.

Тухайн шатны Засаг дарга дараах үндэслэл байвал иргэдийн Нийтийн болон иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын шийдвэрт хориг тавих эрхтэй:

       - Хурлын шийдвэр нь Засаг даргын өөрийнх нь чиг үүрэг, бүрэн эрхэд үл хамаарах;

       - Санхүүгийн болон бусад эх үүсвэргүй шийдвэр гаргасан.

Засаг дарга өөрийн санаачилгаар, эсхүл дээд шатны Засаг дарга, Ерөнхий сайдын даалгаснаар хориг тавих эрхтэй. Хоригийг холбогдох шийдвэрт бүхэлд нь буюу түүний зарим хэсэгт тавина.

Хоригийг тухайн шийдвэр батлагдсан өдрөөс хойш ажлын 10 өдөрт багтаан бичгээр тавих ба тус бичигт хориг тавих болсон үндэслэлийг тодорхой заана.

Иргэдийн Нийтийн болон иргэдийн Төлөөлөгчдийн Хурал хоригийг хүлээж авснаас хойш 15 хоногийн дотор хуралдаанаар хэлэлцэнэ.

Хоригийг нийт төлөөлөгчийн олонх нь хүлээн зөвшөөрөөгүй бол тухайн шийдвэр, тэдгээрийн холбогдох хэсгийн заалтыг хүчин төгөлдөр хэвээр үлдээнэ.

Хурлын шийдвэрт хориг тавьсан тохиолдолд тус шийдвэрийн үйлчлэлийг Хурлын дарга хүлээн авснаас хойш хэлэлцэж шийдвэрлэх хүртэлх хугацаанд дараах байдлаар түдгэлзсэнд тооцно.

     - Бүхэлд нь хориг тавьсан бол үйлчлэлийг бүрэн хэмжээгээр;

     - Хэсэгчлэн хориг тавьсан бол холбогдох зүйл, заалтын үйлчлэлийг.

Тавьсан хоригийг иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчдийн, эсхүл иргэдийн Нийтийн Хуралд оролцогчдын олонхын саналаар няцаасан тохиолдолд Засаг дарга тэрхүү шийдвэрийг биелүүлэх боломжгүй гэж үзвэл өөрөө огцрох хүсэлтээ зохих Хурал, Ерөнхий сайд буюу харьяалах дээд шатны Засаг даргад гаргаж болно.

Засаг даргыг огцруулах санал гаргасан тухайн шатны Хурлын шийдвэрт Засаг дарга хориг тавих эрхгүй.