МАЛЧИН, ХУВИАРАА ХӨДӨЛМӨР ЭРХЛЭГЧИЙН ТЭТГЭВРИЙН ДААТГАЛЫН ШИМТГЭЛИЙГ НӨХӨН ТӨЛҮҮЛЭХ ТУХАЙ

Малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчийн тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай хууль 2021 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл үйлчлэх байсныг 2021 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр баталсан хуулиар 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр болгож хугацааг сунгасан байна.

Тус хууль нь нийгмийн шилжилтийн явцад хөдөлмөр эрхлэлтийн статус нь өөрчлөгдөж, эрхэлж байгаа ажил, үйлчилгээний онцлогоос хамааран тэтгэврийн даатгалын шимтгэлээ тухайн хугацаанд нь төлж чадаагүй малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчийн тэтгэврийн даатгалын шимтгэлийг нэг удаа нөхөн төлүүлэхтэй холбогдсон харилцааг зохицуулдаг.

Ийн үйлчлэх хугацааг сунгаснаар малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгч нарт дахин нэг боломж олгосон байна.

- “Малчин” гэдэг нь Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуульд заасны дагуу “мал аж ахуй эрхэлж үндсэн орлогоо олдог иргэнийг”;

- “Хувиараа хөдөлмөр эрхлэгч” гэдэг нь Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуульд тусгасны дагуу “дангаараа болон бусадтай хамтран аж ахуй эрхэлж, татварын албанд бүртгүүлэн бизнесийнхээ үйл ажиллагаанд нөлөөлөх шийдвэрээ хараат бусаар бие даан гаргадаг иргэнийг” тус тус ойлгоно.