ЗАСАГ ДАРГА, ТҮҮНИЙГ ТОМИЛОХ ЗОХИЦУУЛАЛТ
Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн шинэчилсэн найруулга нь 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөхөөр болсон билээ. Тус хуульд тусгасан Засаг дарга, түүнийг томилох талаар танилцуулж байна.
Засаг дарга нь харьяалах нутаг дэвсгэртээ хууль тогтоомж, Засгийн газрын шийдвэр, харьяалах дээд шатны Засаг даргын шийдвэрийн гүйцэтгэлийг хангах, түүнчлэн тухайн Хурлын шийдвэрийг хэрэгжүүлэх чиг үүрэг бүхий төрийн төлөөлөгч бөгөөд Засаг даргыг томилуулахаар тухайн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал болон иргэдийн Нийтийн Хурал нэр дэвшүүлнэ.
Аймаг, сум, нийслэл, дүүргийн Засаг даргад нэр дэвшигч дараах шаардлагыг хангасан байна. Үүнд:
- Дээд боловсролтой;
- Төрийн албанд гурваас доошгүй жил ажилласан;
- Шүүхийн шийдвэрээр тогтоогдсон зээл, батлан даалтын болон бусад гэрээгээр хүлээсэн хугацаа хэтэрсэн өргүй байх;
- Шүүхийн шийдвэрээр тогтоогдсон татварын өр төлбөргүй байх;
- Ялгүй байх зэрэг болно.
Баг, хорооны Засаг даргад нэр дэвшигч дараах шаардлагыг хангасан байна. Үүнд:
- Дээд боловсролтой; (Тайлбар:-Энэ заалтыг 2024 оны орон нутгийн ээлжит сонгуулиас эхлэн дагаж мөрдөнө)
- Шүүхийн шийдвэрээр тогтоогдсон зээл, батлан даалтын болон бусад гэрээгээр хүлээсэн хугацаа хэтэрсэн өргүй байх;
- Шүүхийн шийдвэрээр тогтоогдсон татварын өр төлбөргүй байх;
- Ялгүй байх зэрэг болно.
Засаг даргад нэр дэвшүүлэх ажиллагааг дараах журмаар явуулна. Үүнд:
- Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч болон аймаг, нийслэл, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал дахь нам, эвслийн бүлэг, түүнчлэн иргэдийн Нийтийн Хуралд оролцогч дангаараа буюу хамтарч дээрх шаардлагыг хангасан хүнийг Засаг даргад нэр дэвшүүлэхээр санал гаргана.
- Дээд шатны Засаг дарга, Ерөнхий сайд мөн дээрх шаардлагыг хангасан хүнийг тухайн Хуралд санал болгож болно;
Дээрх нэр дэвшүүлсэн хүний талаар санал хураалт явуулж, Хуралд оролцсон иргэдийн, түүнчлэн нийт төлөөлөгчдийн олонхын санал авсан хүнийг Засаг даргад нэр дэвшүүлнэ. Хэрэв санал хураалтаар хэн ч олонхын санал аваагүй бол хамгийн олон санал авсан хоёр хүний талаар дахин санал хураалт явуулж олонхын санал авсан хүнийг Засаг даргад нэр дэвшүүлэхээр хуульчилсан.
Нэр дэвшүүлсэн хүнийг баг, хорооны Засаг даргаар сум, дүүргийн Засаг дарга томилно. Сум, дүүргийн Засаг даргаар аймаг, нийслэлийн Засаг дарга томилох ба аймаг, нийслэлийн Засаг даргаар Ерөнхий сайд томилно.
Дээд шатны Засаг дарга, эсхүл Ерөнхий сайд тухайн нэр дэвшигчийг томилохоос татгалзаж болох бөгөөд томилохоос татгалзсан тохиолдолд Хурал дээрх журмаар өөр хүний нэрийг дэвшүүлнэ. Ийнхүү нэр дэвшүүлсэн хүнийг ажлын таван өдрийн дотор тухайн шатны Засаг даргаар томилно.