МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН “ТОГТООЛД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ” 59-р ТОГТООЛ

2021 оны 3 дугаар сарын 10-ны өдөр 8 дугаар зүйлийн 5 дахь хэсэг, Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн 7.1.2, 7.1.5, 7.1.25 дахь заалтыг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас “Төлөвлөгөө батлах тухай” Монгол Улсын Засгийн газрын 2021 оны 42 дугаар тогтоолын 2 дахь заалтад дараах өөрчлөлтийг оруулсан. Үүнд:

Ажлын байрыг дэмжих зээл: НӨАТ суутган төлөгчөөр бүртгүүлсэн, эсвэл нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөгдсөн, банкнаас зээлийн үйл ажиллагааны журам, зааврын хүрээнд тавигдсан бусад шаардлагыг хангасан, үйлдвэрлэл, үйлчилгээ, худалдаа эрхлэгч аж ахуйн нэгж, байгууллага болон банкнаас зээлийн үйл ажиллагааны журам, зааврын хүрээнд тавигдсан шаардлагыг хангасан хувиараа үйлдвэр, үйлчилгээ, худалдаа эрхлэгч Монгол Улсын иргэнд нийт 2.0 их наяд хүртэл төгрөгийн зээлийг 3 жилийн хугацаатай, 3.0 хувийн хүүтэй, нэг жилийн хугацаанд үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх нөхцөлтэй олгох бөгөөд нийт олгох зээлийн 30.0 хүртэл хувийг ижил зориулалттай олгогдсон зээлийн дахин санхүүжилтэд ашиглаж болно. Ажлын байрыг дэмжих хүрээнд аж ахуйн нэгж, байгууллагад олгох зээл 500.0 сая төгрөг хүртэл, иргэнд олгох зээл 50.0 сая төгрөг хүртэл хэмжээтэй байх ба Засгийн газраас аж ахуйн нэгжид олгосон зээлийн нийт хүүгийн 6.0 нэгж хувийг, иргэнд олгосон зээлийн нийт хүүгийн 7.0 нэгж хувийг хариуцан төлж дэмжлэг үзүүлэхээр заасан.

Ипотекийн зээл: Орон сууцны бүтээн байгуулалтыг давтан хэрэглэх нэг маягийн зураг, газар олголт, дэд бүтцийн бүтээн байгуулалт, ипотекийн хөнгөлөлттэй зээлийн эх үүсвэрээр болон төр, хувийн хэвшлийн зохистой түншлэлийн хүрээнд дэмжиж, иргэдийн төлбөрийн чадварт нийцсэн, инженерийн дэд бүтцэд холбогдсон орон сууцаар хангахад 3.0 их наяд хүртэлх төгрөгийн санхүүжилттэй төлөвлөгөөгөөр дэмжинэ. Орон сууцны хөнгөлөлттэй зээлийн эх үүсвэрийн дунд хугацааны эрэлтийг харгалзан, ипотекийн 6.0 хувийн хүүтэй зээлийн эх үүсвэрийг жилийн 1.0 их наяд төгрөгт хүргэж, 14,000 өрхийг зээлд хамруулах нөхцөлийг бүрдүүлэх,

Репо санхүүжилтийн зээл: Үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгч, уул уурхайн бус экспортын бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг дэмжих хүрээнд банкуудад улирал бүрд олгож буй 250.0 тэрбум төгрөгийн репо санхүүжилтийн эх үүсвэрийг Мөнгөний бодлогын зорилттой уялдуулан 500.0 тэрбум төгрөгт хүргэж, нэг зээлдэгчид олгох хэмжээг нэмэгдүүлэх, хүүг бууруулах чиглэлээр Санхүүгийн тогтвортой байдлын зөвлөл, Монголбанктай хамтран ажиллах,

Хөдөө аж ахуйг дэмжих зээл: Хөдөө аж ахуйн салбарын хаврын тариалалтад 100.0 тэрбум төгрөг, ноолуур бэлтгэлийн үйл ажиллагаанд 200.0 тэрбум төгрөгийг 1 жилийн хугацаатай 3.0 хувийн хүүтэй олгох бөгөөд Засгийн газраас нийт зээлийн хүүгийн 7.65 нэгж хувийн хүүгийн дэмжлэг үзүүлэх,

Малчдыг дэмжих зээл: Малчдыг дэмжсэн зээлд 200.0 тэрбум төгрөгийг  3 жилийн хугацаатай 3.0 хувийн хүүтэй банк, санхүүгийн байгууллагаар дамжуулан олгох бөгөөд Засгийн газраас нийт зээлийн хүүгийн 7.0 нэгж хувийг хариуцан төлж дэмжлэг үзүүлэх,

Дээрх зээлүүдийн эх үүсвэр нь банкны өөрийн эх үүсвэр, Хөгжлийн банкны үнэт цаасыг хаалттай арилжаалсан эх үүсвэр, Монголбанкнаас банкуудад олгосон репо санхүүжилтийн эх үүсвэр, “Эрдэнэс Монгол” ХХК-ийн ашигт малтмалын нөөцийг эдийн засгийн эргэлтэд оруулах замаар бүрдүүлсэн эх үүсвэрүүд байна. Ажлын байрыг дэмжих зээлийн хүрээнд Зээлийн батлан даалтын сангийн өөрийн хөрөнгийг 50.0 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлж, Зээлийн батлан даалтын сангаас батлан даалт гаргах, батлан даалтын үүрэг гүйцэтгэх хугацааг богино болгоно,

Засгийн газраас зээлийн төрлөөс хамаарч зээлдэгчийн төлөх зээлийн нийт хүүгийн 6.0-7.65 нэгж хувийг хариуцан төлж дэмжлэг үзүүлнэ. Зээлийн нарийвчилсан нөхцөл, журам, зээлдэгчид тавих шалгуур, зээлийн зориулалтыг талуудын хооронд байгуулах гэрээгээр зохицуулахаар өөрчлөлт оруулсан байна. 

Эх сурвалж: https://www.legalinfo.mn/law/details/16124?lawid=16124