АЛБАН ХЭРЭГ ХӨТЛӨЛТИЙН ТУХАЙ

Архив, албан хэрэг хөтлөлтийн тухай хууль (шинэчилсэн найруулга)-ийн зургадугаар бүлэгт Албан хэрэг хөтлөлтийн тухай болон Төрийн байгууллагын албан хэрэг хөтлөлт, байгууллагын удирдлага, ажилтны чиг үүрэг, үйл ажиллагааг баримтжуулах, баримт бичиг зохион бүрдүүлэх, баримт бичгийн албан ёсны хүчинтэй байдал, хэвлэмэл хуудсанд тавих шаардлага, хүлээн авах, бүртгэх, явуулах баримт бичгийг бүртгэх, илгээх, хянан шийдвэрлэх, шийдвэрлэх хугацаа, ангилан төрөлжүүлэх албан хэрэг бүрдүүлэхэд тавих шаардлага, хадгалалт, ашиглалт, цахим албан хэрэг хөтлөлт зэргийн талаар тусгажээ.  

Төрийн байгууллагын албан хэрэг хөтлөлтөд тухайн байгууллага, албан тушаалтны хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлэх явцыг баримтжуулж, баримт бичгийг зохион бүрдүүлэх, ангилан төрөлжүүлэх, баримт бичгийг хүлээн авах, бүртгэх, илгээх, хянан шийдвэрлэх, ашиглах, хадгалах, архивт шилжүүлэх хүртэлх үйл ажиллагааг хамруулсан.

Төрийн байгууллагаас бусад байгууллага, хуулийн этгээд Засгийн газраас баталсан Албан хэрэг хөтлөлтийн нийтлэг журмыг дагаж мөрдөнө.

Төрийн байгууллага орон тооны бичиг хэргийн ажилтантай байх бөгөөд тус ажилтан байгууллагын үйл ажиллагааг холбогдох журам, стандартын дагуу баримтжуулах баримт бичгийг боловсруулахад монгол хэлний зөв бичих дүрмийг мөрдөж, эмх цэгц, бүрэн бүтэн, аюулгүй байдлыг хангах, хөтлөх хэргийн нэрийн жагсаалтын дагуу төрөлжүүлэн ангилах, баримт бичиг хянан шийдвэрлэхэд хууль, журамд заасан хугацааг баримтлах, албан ажил үүрэгтэй холбогдсон баримт бичиг, мэдээллийн нууцлалыг хадгалах баримт бичгийг байгууллагын архивт бүрэн бүрдэлтэй шилжүүлэх үүрэгтэй.

Байгууллага үндсэн чиг үүрэг, салбарын онцлог үйл ажиллагаа болон хүн амын эрүүл мэнд, хүрээлэн байгаа орчинд холбогдох нийтийн эрх ашгийг хөндсөн захиргааны аливаа шийдвэр, мэдэгдэл, мэдээлэл, төрийн болон орон нутгийн төсвийн хөрөнгөөр хийх судалгаа, шинжилгээ, төсөл, хөтөлбөрийн үйл ажиллагаа, хяналт шалгалт, аудит, хяналт-шинжилгээ, үнэлгээ, гадаад харилцаа, хамтын ажиллагаа, татвар, санхүү, хүний нөөцийн үйл ажиллагааг албан ёсоор баримтжуулна.

Баримт бичгийн эх хувийг Албан хэрэг хөтлөлтийн аль ч үе шатанд баримт нягтлан шалгах арга зүйн комиссын зөвшөөрөлгүйгээр устгахыг хориглоно.

Хуульд өөрөөр заагаагүй бол цаасан суурьтай баримт бичиг стандартаар тогтоосон баримт бичгийн бүрдлүүдээр баталгаажна. Цахим баримт бичиг стандартаар тогтоосон баримт бичгийн бүрдэл, тоон гарын үсгээр баталгаажсан бол албан ёсны хүчинтэй гэж үзнэ.

Хуульд заасан арга хэлбэрээр баталгаажсан, цаасан баримт бичгийн эх хувиас буулгасан цахим хуулбар нь цаасан баримтын эх хувьтай агуулга бүрдэл, мэдээллийн хувьд зөрүүгүй бол цахим баримт бичгийг албан ёсны хүчинтэйд тооцно. Цахим баримт бичгийн хувь нь цаасан хувьтай зөрсөн тохиолдолд цаасан хувийг баримтлах бөгөөд цаасан баримт бичиг хүчингүй болсон тохиолдолд цахим хувь нь мөн адил хүчингүйд тооцогдоно. Бичиг хэрэгт бүртгэгдээгүй баримт бичгийг удирдлагад танилцуулах, хянан шийдвэрлэхийг хуулиар хориглосон байна.

Цахим албан хэрэг хөтлөлтийн үйл ажиллагаанд Засгийн газраас баталсан Цахим хэлбэрээр албан хэрэг хөтлөх нийтлэг журам болон дээрх хуулийн албан хэрэг хөтлөлтийн талаарх зохицуулалт нэгэн адил мөрдөгдөх бөгөөд цаасан хэлбэрээр давхар хадгалах цахим баримт бичгийн нэр төрлийг Архив, албан хэрэг хөтлөлтийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагаас баталсан архивын баримтын нэр төрөл, хадгалах хугацааны үлгэрчилсэн болон салбарын жагсаалтад тусгайлан зааж өгөхөөр байна.  

 

Эх сурвалж: Архив, албан хэрэг хөтлөлтийн тухай /Шинэчилсэн найруулга/ Зургадугаар бүлэг Албан хэрэг хөтлөлт