САХИЛГЫН ХОРООНЫ ШИЙДВЭР, ТҮҮНД ГОМДОЛ ГАРГАХ ЖУРАМ

Монгол Улсын Их хурлаас 2021 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгыг баталж, 2021 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс хууль хүчин төгөлдөр үйлчилж эхлээд байна. Тус хуульд шүүгчид холбогдох сахилгын хэргийг шийдвэрлэсэн сахилгын хорооны шийдвэр, түүнд гомдол гаргах журмыг дараах байдлаар зохицуулсан байна.

Сахилгын хорооны шийдвэр

Сахилгын хорооны хуралдаанаар сахилгын хэргийг хянан хэлэлцээд дараах шийдвэрийн аль нэгийг гаргана. Үүнд:

  1. Нотлох дүгнэлтийг хүчингүй болгож, сахилгын хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох;
  2. Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох саналыг хүлээн авч, сахилгын хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох;
  3. Нотлох дүгнэлтийг бүхэлд нь, эсхүл зарим хэсгийг хүлээн авч, шүүгчид сахилгын шийтгэл оногдуулах;
  4. Шүүгчийн гэмт хэргийн шинжтэй үйлдлийг шалгуулахаар эрх бүхий байгууллага, албан тушаалтанд шилжүүлэх;
  5. Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох санал, эсхүл нотлох дүгнэлтийг хүчингүй болгож, дахин шалгуулахаар илтгэгч гишүүнд буцаах зэрэг болно.

Сахилгын хорооноос нотлох дүгнэлтийг хүчингүй болгож, сахилгын хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох, сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох саналыг хүлээн авч, сахилгын хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох, нотлох дүгнэлтийг бүхэлд нь, эсхүл зарим хэсгийг хүлээн авч, шүүгчид сахилгын шийтгэл оногдуулах тохиолдолд магадлал гаргана.

Шүүгчийн гэмт хэргийн шинжтэй үйлдлийг шалгуулахаар эрх бүхий байгууллага, албан тушаалтанд шилжүүлэх, сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох санал, эсхүл нотлох дүгнэлтийг хүчингүй болгож, дахин шалгуулахаар илтгэгч гишүүнд буцаах тохиолдолд тогтоол гаргах бөгөөд тогтоол нь эцсийн шийдвэр байна.

Сахилгын хорооны магадлалд гомдол гаргах

Сахилгын хорооны магадлалыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор сахилгын хэргийн оролцогч гомдол, илтгэгч гишүүн эсэргүүцлийг Сахилгын хороонд гаргаж болно.

Уг хугацааг хүндэтгэн үзэх шалтгаанаар хэтрүүлсэн бол хугацаа сэргээлгэх хүсэлтээ холбогдох нотлох баримтын хамт магадлал гаргасан бүрэлдэхүүнд гаргах бөгөөд хүсэлтийг хангах эсэхийг уг бүрэлдэхүүн тухайн хүсэлтэд хавсаргасан баримтыг үндэслэн шийдвэрлэж, тогтоол гаргана. Тогтоол нь эцсийн шийдвэр байна.

Сахилгын хорооны хянан үзэх хуралдаанаас дараах шийдвэрийн аль нэгийг гаргана. Үүнд:

  1. Гомдол, эсэргүүцлийг хангахгүй орхиж, магадлалыг хэвээр үлдээх;
  2. Гомдол, эсэргүүцлийг бүхэлд нь, эсхүл зарим хэсгийг хангаж, магадлалд өөрчлөлт оруулах;
  3. Гомдол, эсэргүүцлийг бүхэлд нь, эсхүл зарим хэсгийг хангаж, магадлалыг хүчингүй болгож, дахин шалгуулахаар илтгэгч гишүүнд, эсхүл дахин хэлэлцүүлэхээр Сахилгын хорооны хуралдаанд буцаах;
  4. Гомдол, эсэргүүцлийн зарим хэсгийг хангаж, магадлалын зарим хэсгийг хэвээр үлдээх, өөрчлөх, хүчингүй болгож, сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох, эсхүл дахин шалгуулахаар илтгэгч гишүүнд, эсхүл дахин хэлэлцүүлэхээр Сахилгын хорооны хуралдаанд буцаах.

Сахилгын хорооны хянан үзэх хуралдаанаас гарах шийдвэр тогтоол хэлбэртэй байх бөгөөд гомдол гаргаснаас бусад тохиолдолд эцсийн шийдвэр байна.

Хяналтын тогтоолд гомдол гаргах

Сахилгын хорооны хянан үзэх хуралдаанаас гарсан хяналтын тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор сахилгын хэргийн оролцогч гомдол, илтгэгч гишүүн эсэргүүцлийг Улсын дээд шүүхэд гаргаж болно.

Улсын дээд шүүхийн хяналтын шатны сахилгын хэргийн хуралдаан хяналтын тогтоолыг хүчингүй болгуулах тухай гомдол, эсэргүүцлийг хянан хэлэлцэж, дараах шийдвэрийн аль нэгийг гаргана. Үүнд:

  1. Хяналтын тогтоолыг хэвээр үлдээх;
  2. Хяналтын тогтоолыг бүхэлд нь, эсхүл зарим хэсгийг хүчингүй болгох;

(Сахилгын хорооны хянан үзэх хуралдааны товыг хуульд заасны дагуу мэдэгдээгүйн улмаас хуралдаанд зохих ёсоор оролцож чадаагүй гэдгийг сахилгын хэргийн оролцогч, эсхүл илтгэгч гишүүн нотолсон; Сахилгын хэргийн оролцогчид сахилгын хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны эрхийг эдлүүлээгүй гэдгийг сахилгын хэргийн оролцогч, эсхүл илтгэгч гишүүн нотолсон)

  1. Сахилгын хэргийг дахин хэлэлцүүлэхээр Сахилгын хорооны хуралдаан, эсхүл хянан үзэх хуралдаанд буцаах.

Улсын дээд шүүхийн хяналтын шатны сахилгын хэргийн хуралдааны тогтоол гармагц хуулийн хүчин төгөлдөр болох бөгөөд эцсийн шийдвэр байна.