ЗАСАГ ЗАХИРГАА, НУТАГ ДЭВСГЭРИЙН НЭГЖИЙН УДИРДЛАГЫН ЗАРИМ ЧИГ ҮҮРГИЙГ ХОТ, ТОСГОНД ШИЛЖҮҮЛЭХ ТУХАЙ

Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай (шинэчилсэн найруулга) хуулийг  2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс дагаж мөрдөж эхлэх бөгөөд тус хуулийн 4 дүгээр бүлэгт Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн удирдлагын зарим чиг үүргийг хот, тосгонд шилжүүлж болох тухай хуульчилсан.

Тус хуульд зааснаар Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн удирдлагын зарим чиг үүргийг хот, тосгонд шилжүүлэх асуудлыг Засгийн газрын өргөн мэдүүлснээр Улсын Их хурал шийдвэрлэх бөгөөд ийнхүү шийдвэрлэхдээ орон нутгийн эдийн засгийн бүтэц, чадавх, хүн амын болон газар нутгийн байршил, дэд бүтэц, тэдгээртэй холбогдох бусад нөхцөлийг харгалзан үзнэ.

Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн  чиг үүргийг хот, тосгонд дараах байдлаар шилжүүлнэ.  Үүнд:

-  Улсын зэрэглэлтэй хот, түүний үндсэн нэгжид - Аймаг, сум, багийн зарим чиг үүргийг;

-  Орон нутгийн зэрэглэлтэй хот, түүний үндсэн нэгжид - Сум, багийн зарим чиг үүрэг;

-  Тосгонд - Сум, багийн зарим чиг үүргийг тус тус шилжүүлнэ.

Гэхдээ хууль, тогтоомжид тусгайлан заасан бол дээр дурдсанаас өөр чиг үүргийг хот, тосгонд нэг бүрчлэн олгож болох бөгөөд шаардлагатай гэж үзсэн тохиолдолд шилжүүлсэн захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн чиг үүргийг хэрэгжүүлэхэд хязгаарлалт тогтоож болно.

Харин Хот, тосгонд шилжүүлсэн дээрх чиг үүргийг хэрэгжүүлэхэд шаардлагатай санхүүжилтийг Төр олгохоор зохицуулсан байна.