АРХИВЫН САН ХӨМРӨГИЙН БҮРДҮҮЛЭЛТ, ХАДГАЛАЛТ, ХАМГААЛАЛТ, АШИГЛАЛТЫН ТУХАЙ

Архив, албан хэрэг хөтлөлтийн тухай хуулийн шинэчилсэн найруулга нь 2020 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр батлагдаж, 2020 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөж эхэлсэн.

Тухайн хуулийн тавдугаар бүлэг буюу Архивын сан хөмрөгийн бүрдүүлэлт, хадгалалт, хамгаалалт, ашиглалтын тухай хэсэгт дараах өөрчлөлт болон шинэчлэлүүд орсон байна. Үүнд:

Төрийн архивын сан хөмрөгийн байнга хадгалах баримтыг байгууллагын архивт хадгалах хугацааны хувьд:

- Улсын Их Хурал, түүний Тамгын газрын архивын хадгалах хугацаа 20 жилээс 40 жил;

- Улсын Их Хуралд ажлаа шууд хариуцан тайлагнадаг байгууллагын архивын хадгалах хугацаа 15 жилээс 20 жил;

- Яам, агентлаг түүний харьяа байгууллагын архивын хадгалах хугацаа 15 жилээс 16 жил;

- Төрийн болон орон нутгийн өмчийн орлцоотой бүх төрлийн хуулийн этгэдийн архивын хадгалах хугацаа 10 жилээс 8 жил;

- Төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой хуулийн этгээдэд холбогдох шинжлэх ухаан, технологи, патентын холбогдолтой баримтын эх хувийг-15 жил байсныг 5 жил болсон байна.

Архивын баримтын хадгалалт, хамгаалалтын талаар:

- Архивт хадгалагдаж байгаа эх баримтыг сэлбэн засах, сэргээн шинэтгэх, шүүхийн шинжилгээнд зориулан илгээх болон бусад тохиолдолд архивын байрнаас гадагш гаргахыг хориглох;

- Байгууллагын архивын аюулгүй байдлын баталгааг тухайн байгууллага хариуцна гэж шинэчлэн найруулжээ.

Архивын баримтын ашиглалтын талаар дараах заалтуудыг шинээр нэмсэн байна. Үүнд:

- Төрийн архив нь төлбөрийн чадваргүй, эсхүл аюул осолд өртсөн иргэний тэтгэвэр, тэтгэмж, төрөөс олгох нөхөн олговортой холбогдох лавлагааг үнэ төлбөргүй олгох;

- Архивын баримтын лавлагааг эх баримтын адил хүчинтэй гэж үзэх;

- Хосгүй үнэт, нэн үнэт баримт, хүн амын тооллогын холбогдолтой баримтыг нийтэд эх хувиар нь ашиглуулахгүй, цахим хэлбэрт оруулсан хувыг ашиглахыг зөвшөөрөх зэргийг нэмсэн байна.

Төрийн архивын сан хөмрөг бүрдүүлэх талаар:

- Төрийн өмчийн бус аpхивын сан хөмpөгийг өмчлөгч, байгууллагын үйл ажиллагаа дуусгавар болсон, эсхүл иpгэн нас баpсан тохиолдолд эрх залгамжлагч байхгүй бол тэдгээр архивын баримтыг төрийн өмчид хамааруулж, холбогдох төрийн архивт шилжүүлэн хадгалуулах;

- Төрийн архивт шилжүүлэх архивын баримтын жагсаалтад хамрагдаагүй боловч байгууллага, хувь хүний эрх ашгийг хамгаалах, түүхэн үнэ цэнэтэйд тооцогдох, өмчлөл нь тодорхой бус архивын баримтыг хууль ёсны өмчлөгч нь тогтоогдох хүртэл төрийн архивын эзэмшилд шилжүүлэх;

- Төрийн байгууллагын үйл ажиллагааны явцад үүссэн архивын баримтыг шашны байгууллага, төрийн бус байгууллага, хувийн хэвшлийн хуулийн этгээд, хувь хүнд шилжүүлэхийг хориглох зэрэг болно.

Зарим төрлийн архивын баримтыг ашиглалтад оруулах талаар:

- Иргэн, эсхүл түүний өв залгамжлагчийн бичгээр гаргасан зөвшөөрлийн дагуу иргэний намтар түүхэнд холбогдолтой баримт бичгийг, заасан хугацаа /70 жил/ дуусгавар болхоос өмнө ил болгож болох;

- Архивт хадгалагдаж байгаа төрийн болон албаны нууцад хамаарах архивын баримтын нууцлах хугацаа дуусаагүй бол тухайн архивын баримттай танилцах иргэн, хуулийн этгээд тагнуулын байгууллагад хүсэлт гаргаж, зөвшөөрөл авсан тохиолдолд нууц баримтыг танилцуулж болох гэж тус тус нэмэлтүүд өрсөн байна.

Архивын баримт болон хуулбар хувийг гадаад улсад гаргах, Монгол Улсын нутаг дэвсгэрт оруулах тухайд:

- Хууль тогтоомжийн дагуу, эсхүл архивын баримт өмчлөгч /эзэмшигч/-тэй байгуулсан гэрээний дагуу ашиглалт нь хязгаарлагдсанаас бусад үндэсний архивын сан хөмрөгийн баримтыг гадаад улсад түр гаргаж болох;\

- Хууль тогтоомжийн дагуу, эсхүл архивын баримт өмчлөгч /эзэмшигч/-тэй байгуулсан гэрээний дагуу ашиглалт нь хязгаарлагдсанаас бусад үндэсний архивын сан хөмрөгийн баримтыг гадаад улсад түр гаргах, хуулийн дагуу олж авсан гадаад улсад байгаа архивын баримтыг Монгол Улсын нутаг дэвсгэрт оруулах талаар энэ хуульд заагаагүй бусад асуудлыг Соёлын өвийг хамгаалах тухай хуульд зааснаар зохицуулах;

Хууль тогтоомж болон архивын баримт өмчлөгч /эзэмшигч/-тэй байгуулсан гэрээний дагуу ашиглалт нь хязгаарлагдсанаас бусад үндэсний архивын сан хөмрөгийн баримтын хуулбар хувийг гадаад улсад гаргах, хуулийн дагуу олж авсан архивын баримтын хуулбар хувийг Монгол Улсын нутаг дэвсгэрт оруулахыг хязгаарлахгүй зэрэг болно.