МОНГОЛ УЛСЫН ШҮҮХИЙН ТУХАЙ ХУУЛЬ /ШИНЭЧИЛСЭН НАЙРУУЛГА/-ИЙГ ДАГАЖ МӨРДӨХ ЖУРМЫН ТУХАЙ ХУУЛИЙН ТАНИЛЦУУЛГА
2021 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр Монгол Улсын Их Хурал Монгол Улсын Шүүхийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төслийг баталсан бөгөөд үүнтэй холбогдуулан “Монгол Улсын Шүүхийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийг дагаж мөрдөх журмын тухай хууль”-ийг баталсан байна.
Энэхүү хууль нь Шүүхийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-тай нэгэн адил хүчинтэй үйлчлэх бөгөөд дараах зохицуулалтыг тусгасан байна. Үүнд:
1.Монгол Улсын шүүхийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн ажлын хэсэг[1] нийт шүүгчийн чуулганыг тус хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 120 хоногийн дотор зохион байгуулж, Шүүхийн ерөнхий зөвлөл, Шүүхийн сахилгын хорооны шүүгч гишүүнийг сонгоно;
2.Монгол Улсын шүүхийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-д заасны дагуу Шүүхийн ерөнхий зөвлөл, Шүүхийн сахилгын хорооны гишүүн томилогдох, эсхүл сонгогдох хүртэлх хугацаанд Шүүхийн захиргааны тухай хууль[2]-д заасны дагуу томилогдсон Шүүхийн ерөнхий зөвлөл, Шүүхийн ёс зүйн хороо, Шүүхийн мэргэшлийн хорооны гишүүн бүрэн эрхээ хэрэгжүүлнэ. Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хууль[3]-д заасан шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүнээр томилогдсон үндэслэлээр шүүгчийн бүрэн эрх нь түдгэлзсэн Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүний шүүгчийн бүрэн эрх Монгол Улсын шүүхийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-д заасны дагуу Шүүхийн ерөнхий зөвлөлийн дараагийн гишүүн сонгогдсоноор сэргээсэнд тооцно;
3.Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хууль[4]-д заасан эрүүгийн хариуцлагад татагдсан, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн зөвлөмж гарсан үндэслэлээр шүүгчийн бүрэн эрх нь түдгэлзсэн шүүгчийн бүрэн эрхийг сэргээх эсэх асуудлыг Монгол Улсын шүүхийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-д заасны дагуу Шүүхийн сахилгын хороо шийдвэрлэнэ;
4. Шүүхийн захиргааны тухай хууль[5]-ийн Шүүгчид тавих болзол, шаардлага, Ерөнхий шүүгчид тавих шаардлагыг хангасан эсэх талаар Шүүхийн мэргэшлийн хорооны гаргасан үнэлгээгээр шүүгчийн сонгон шалгаруулалтад тэнцсэн нэр дэвшигчийн үнэлгээ нь хоёр жилийн үлдсэн хугацаанд хүчинтэй байна;
5.Шүүхийн ерөнхий зөвлөлийн бүтцэд байгаа Шүүхийн ёс зүйн хорооны ажлын албаны ажилтан, эд хөрөнгийг Монгол Улсын шүүхийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн дагуу байгуулагдах Шүүхийн сахилгын хороонд шилжүүлэх ажлыг Шүүхийн ерөнхий зөвлөл зохион байгуулна;
6.Шүүхийн сахилгын хороо байгуулагдах хүртэлх хугацаанд шүүгчийн ёс зүйн зөрчлийн талаар гарсан гомдол, маргааныг Монгол Улсын шүүхийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс өмнө уг харилцааг зохицуулж байсан хууль тогтоомжийн дагуу шийдвэрлэнэ. Шүүхийн сахилгын хороо байгуулагдсан бол Шүүхийн ёс зүй хороо, Захиргааны хэргийн давж заалдах болон хяналтын шатны шүүхэд хянан хэлэлцэгдэж байгаа хэрэг, маргааныг Сахилгын хороонд шилжүүлнэ;
7.Монгол Улсын Их Хурал Монгол Улсын шүүхийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийг хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 120 хоногийн дотор Шүүхийн ерөнхий зөвлөлийн болон Шүүхийн сахилгын хорооны шүүгч бус гишүүнийг сонгон шалгаруулж, томилно;
8.Монгол Улсын шүүхийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болохоос өмнө шүүхэд ажиллаж байгаа хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл аваагүй шүүгчийн туслах Монгол Улсын шүүхийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-д заасан шаардлагыг[6] уг хуулийг дагаж мөрдсөнөөс хойш хоёр жилийн хугацаанд хангана;
9.Шүүгчийн цалин хөлс нь албан тушаалын цалин болон албан ажлын онцгой нөхцөлийн, төрийн алба хаасан хугацааны, докторын зэргийн нэмэгдлийг 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн олгоно.
10.Шүүгчийг өндөр насны тэтгэвэрт гарахад түүний авч байсан сарын дундаж цалингийн хэмжээгээр 36 сарын хугацаагаар тооцож нэг удаагийн тэтгэмжийг 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн олгохоор тус тус зохицуулсан байна.
Эх сурвалж: Монгол Улсын Шүүхийн тухай хуульд
/шинэчилсэн найруулга/-ийг дагаж мөрдөх журмын тухай хууль
[1] Ажлын хэсэг гэж Шүүхийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн 20 дугаар зүйлийн 20.9-д заасныг ойлгоно.
[2] 2012 оны 05 дугаар сарын 22-ны өдөр батлагдсан Шүүхийн захиргааны тухай хууль
[3] 2012 оны 3 дугаар сарын 07-ны өдөр батлагдсан Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хууль
[4] 2012 оны 3 дугаар сарын 07-ны өдөр батлагдсан Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хууль
[5] 2012 оны 05 дугаар сарын 22-ны өдөр батлагдсан Шүүхийн захиргааны тухай хууль
[6] Монгол Улсын шүүхийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн 89 дүгээр зүйлийн 89.1