ШҮҮГЧИЙН БҮРЭН ЭРХ ҮҮСЭХ, ТҮДГЭЛЗҮҮЛЭХ, ДУУСГАВАР БОЛОХ ҮНДЭСЛЭЛ, ЖУРАМ
Шүүгчийн бүрэн эрх
“Шүүгч” гэж Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3-д зааснаар хуульд заасан үндэслэл, журмын дагуу томилогдож, шүүгчийн тангараг өргөсөн, шүүх эрх мэдлийг хэрэгжүүлж байгаа Монгол Улсын иргэнийг хэлнэ.
Шүүгчийн бүрэн эрх нь хуульд заасан журмын дагуу томилогдон тангараг өргөснөөр эхлэх бөгөөд дараах нийтлэг бүрэн эрхийг хэрэгжүүлнэ. Үүнд:
- Шүүх хуралдааныг даргалах;
- Шүүх хуралдааныг товлон зарлаж, оролцогчдыг тогтоох;
- Шүүх хуралдааны бэлтгэлийг хангах ажлыг шүүхийн Тамгын газартай хамтран зохион байгуулах;
- Хэрэг, маргааныг шүүх бүрэлдэхүүнээр хянан шийдвэрлэхэд оролцох;
- Хуульд зааснаар дангаар хянан шийдвэрлэх хэрэг, маргааныг Монгол Улсын нэрийн өмнөөс шийдвэрлэх;
- Шүүх бүрэлдэхүүнтэйгээр хянан шийдвэрлэж байгаа хэргийн талаар саналаа бие даан гаргах, хууль хэрэглээний талаар тусгай саналтай бол бичгээр гаргаж хэрэгт хавсаргах;
- Бүх шатны шүүхийн нийт шүүгчээс бүрдсэн “Нийт шүүгчийн чуулган”-д оролцох;
- Шүүн таслах ажиллагааг хуульд заасан дэг, журам, хугацааны дагуу явуулах нөхцөлийг бүрдүүлэх, шүүх хуралдааны дэг зөрчсөн хэргийн оролцогч болон бусад этгээдэд хуульд заасан арга хэмжээ авах, шийтгэл оногдуулах;
- Ерөнхий шүүгч, танхимын тэргүүн, давж заалдах болон хяналтын шатны шүүхийн шүүгчид нэрээ дэвшүүлэх, хуульд зааснаар Ерөнхий шүүгчийг орлох;
- Ерөнхий зөвлөл, Сахилгын хорооны гишүүнд нэрээ дэвшүүлэх;
- Багшлах болон эрдэм шинжилгээ, судалгааны ажил эрхлэх;
- Хуульд заасан бусад бүрэн эрх зэрэг болно.
Мөн шүүгч хэрэг, маргааныг хянан шийдвэрлэхэд шаардлагатай баримт бичиг, бусад мэдээлэл, тэдгээрийн хуулбарыг хэрэг, маргааныг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар байгууллага, албан тушаалтан, иргэнээс гаргуулан авах эрхтэй бөгөөд тухайн этгээд шүүгчийн шаардсан баримт бичиг, мэдээллийг үнэ төлбөргүй гаргаж өгөх үүрэгтэй.
Шүүгчийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх
Шүүгчийн бүрэн эрхийг дараах тохиолдолд түдгэлзүүлнэ. Үүнд:
- Ерөнхий зөвлөл болон Сахилгын хорооны гишүүнээр сонгогдсоноор шүүгчийн бүрэн эрх нь түдгэлзэх бөгөөд дараагийн гишүүн сонгогдсоноор бүрэн эрх нь сэргэнэ.
- Ерөнхий зөвлөл шүүгчийг сураггүй алга болсонд тооцсон шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон шүүгчийн бүрэн эрхийн түдгэлзүүлэх бөгөөд уг үндэслэл арилсан бол бүрэн эрхийг сэргээнэ.
- Сахилгын хороо шүүгчид эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татан шалгахтай холбогдуулан бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх тухай эрх бүхий байгууллагаас ирүүлсэн саналыг үндэслэн шүүгчийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх бөгөөд уг шийдвэрээ Ерөнхий зөвлөлд танилцуулна. Улмаар уг түдгэлзүүлсэн үндэслэл арилсан бол Сахилгын хороо нь шүүгчийн бүрэн эрхийн даруй сэргээж энэ тухай мөн Ерөнхий зөвлөлд мэдэгдэнэ.
Шүүгчийн бүрэх эрх дуусгавар болох
Ерөнхий зөвлөлийн саналыг үндэслэн Ерөнхийлөгч шүүгчийн бүрэн эрхийг дараах үндэслэлээр хугацаанаас нь өмнө дуусгавар болгож, чөлөөлнө. Үүнд:
- Шүүгч албан тушаалаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ бичгээр гаргасан;
- Эрүүл мэндийн шалтгаанаар шүүгчийн бүрэн эрхийг хэрэгжүүлэх боломжгүй болсон;
- Шүүгч Ерөнхий зөвлөл, Сахилгын хорооны гишүүнээр сонгогдсоноос бусад ажил, албан тушаалд шилжсэн, томилогдсон, сонгогдсон;
- Монгол Улсын харьяатаас гарах болсон, эсхүл гадаад улсын нутаг дэвсгэрт байнга оршин суух эрх, зөвшөөрөл авсан;
- Шүүгч Ерөнхийлөгчийн болон Улсын Их Хурлын, аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуульд нэр дэвших болсон;
- Шүүгчийн иргэний эрх зүйн чадамжийг хязгаарласан, эсхүл иргэний эрх зүйн чадамжгүйд тооцсон шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон;
- Шүүгч нас барсан, эсхүл нас барсанд тооцох тухай шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон;
- Эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ авах тухай шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон;
- Шүүгчийн өндөр насны тэтгэвэрт гарах насны дээд хязгаарт хүрсэн зэрэг болно.
Шүүгч хуульд заасан өндөр насны тэтгэвэр тогтоолгох насанд хүрсэн, эсхүл шүүгчээр 25 жил ажилласан бол өөрийн хүсэлтээр өндөр насны тэтгэвэр тогтоолгож, чөлөөлөгдөж болно.
Эх сурвалж: Монгол Улсын Шүүхийн тухай хууль
https://www.legalinfo.mn/law/details/16047?lawid=16047