МУЗЕЙН ТУХАЙ ХУУЛЬ БАТЛАГДСАНТАЙ ХОЛБОГДУУЛАН ЗАРИМ ХУУЛЬД ОРСОН НЭМЭЛТИЙН ТАЛААР

Улсын Их Хурлаас 2021 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр Музейн тухай хуулийг баталсан бөгөөд уг хууль “Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 2021 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн №10 /1160/ дугаарт албан ёсоор нийтлэгдэж, 2021 оны 03 дугаар сарын 22-ны өдөр хүчин төгөлдөр болсон тул уг өдрөөс эхлэн дагаж мөрдөгдөж байна. Уг хууль батлагдсантай холбогдуулан дараах хуулиудад дор дурдсан нэмэлтүүд орсон байна. Үүнд:

1. Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 15 дугаар зүйл (Тусгай зөвшөөрөлтэйгээр эрхлэх аж  ахуйн үйл ажиллагааны төрөл)-д “15.22.3.музейн үйл ажиллагаа эрхлэх.” гэсэн заалт, мөн хуулийн 11 дүгээр зүйл (Тусгай зөвшөөрөл авахад бүрдүүлэх баримт бичиг)-ийн 11.1.7 дахь заалтад “15.22.3” гэж тус тус нэмсэнээр музейн үйл ажиллагааг тусгай зөвшөөрөлтэйгээр эрхлэхээс гадна тусгай зөвшөөрөл хүсэгч нь аймаг, нийслэлийн Засаг даргын саналыг авсан байх хуулийн шаардлагыг нэмсэн байна.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 221 дүгээр зүйлд “221.1.5.музейн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл олгоход 300 000- 500 000 төгрөг” гэж нэмсэнээр музейн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгоход дээр дурдсан хэмжээгээр тэмдэгтийн хураамж хураахаар болжээ.

3. Зөрчлийн тухай хуулийн 9 дүгээр бүлэг (Боловсрол, соёл, шинжлэх ухаан, технологийн үйл ажиллагааны журмын эсрэг зөрчил)-т “9.12 дугаар зүйл.Музейн тухай хууль зөрчих” гэсэн зүйлийг шинээр нэмсэн бөгөөд уг зүйлийн:

- 1 дэх хэсэгт “Музейн ерөнхий бүртгэл болон сан хөмрөгийн дэлгэрэнгүй бүртгэлийг музейгээс өөр газарт хадгалсан, музейн захирлын зөвшөөрөлгүйгээр бусдад дамжуулсан, хэсэгчлэн болон бүтнээр нь хувилан олшруулсан, засварласан бол хүнийг нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно”;

- 2 дахь хэсэгт “Гарал үүсэл нь тодорхойгүй соёлын үнэт зүйлийг музейн сан хөмрөгт авсан бол хүнийг хоёр мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг хорин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэж тус тус заажээ.

4. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.8 дугаар зүйл (Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны харьяалал)-ийн 6 дахь хэсгийн 6.10 дахь заалтад “9.12,” гэж нэмсэнээр Мэргэжлийн хяналтын улсын байцаагч Зөрчлийн тухай хуулийн 9.12 дугаар зүйл (Музейн тухай хууль зөрчих)-д заасан зөрчлийг харьяаллын дагуу шалган шийдвэрлэнэ.

 

Эх сурвалж: “Төрийн мэдээлэл” эмхэтгэл, 2021 он №10 /1160/