ХУУЛЬ ЗҮЙН ТУСЛАЛЦААНЫ ТУХАЙ ХУУЛИЙН ШИНЭЧИЛСЭН НАЙРУУЛГЫН ТӨСЛИЙН ТУХАЙ
Хууль зүйн туслалцааны тухай хуулийн төслийг шинэчилсэн найруулгын төсөлд дараах зарчмын шинжтэй зохицуулалтыг тусгасан байна. Үүнд:
1. Улсын өмгөөллийн үйлчилгээг зөвхөн төлбөрийн чадваргүй яллагдагчид үзүүлэхээр хязгаарлаагүй бөгөөд хуулийн хууль зүйн туслалцааг үнэ төлбөргүй авах үйлчлүүлэгчийн хамрах хүрээг өргөжүүлсэн байна. Тухайлбал:
- Эрүүгийн хуулийн 12 дугаар бүлэг /хүний бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдлын эсрэг/; Эрүүгийн хуулийн 16 дугаар бүлэг /хүүхдийн эсрэг гэмт хэрэг/-т заасан гэмт хэргийн арван найман насанд хүрээгүй хохирогч;
- Эрүүгийн хуулийн 11.7 дугаар зүйл /гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх/, 13.1 дүгээр зүйл /хүн худалдаалах/-т заасан гэмт хэргийн төлбөрийн чадваргүй хохирогч, эсхүл хохирогч хүүхэд,
- Хүүхдийн тэтгэлэг тогтоолгох болон газар өмчлөх эрх нь зөрчигдсөн захиргааны хэргийн төлбөрийн чадваргүй оролцогч,
- Хүүхэд хамгааллын тухай хуулийн 4.1.1-д заасан эрсдэлт нөхцөлд байгаа хүүхэд;
- Төлбөрийн чадваргүй сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, ялтан;
- Зөрчлийн тухай хуулийн 5.4 дүгээр зүйл /гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль зөрчих/, 6.20 дугаар зүйл /хүүхдийн эрхийг зөрчих/-д заасан зөрчлийн улмаас эрх нь зөрчигдсөн хүүхдүүд.
2. Хууль зүйн туслалцаа үзүүлэхээс татгалзах үндэслэл, татгалзах шийдвэрийг эс зөвшөөрвөл гомдол гаргах эрхийг тодорхой болгох, түүнтэй холбоотойгоор хууль зүйн туслалцаа авч байгаа иргэн болон хуулийг хэрэгжүүлэгч байгууллагын хариуцлагын асуудлыг тусгасан байна.
3. Одоо хүчин төгөлдөр үйлчилж байгаа төлбөрийн чадваргүй иргэдэд үзүүлж буй хууль зүйн туслалцааны албан болон албан бус тогтолцоог уялдуулах замаар хууль зүйн туслалцааны нэгдсэн тогтолцоо, мэдээллийн санг бий болгож тусгажээ..
4. Хууль зүйн туслалцаа үзүүлж буй байгууллагын тогтолцоо, зохион байгуулалт, чиг үүргийг тодорхойлсон.
5. Улсын өмгөөлөгчийн эрх зүйн байдал, ажиллах нөхцөл, баталгаа түүнтэй холбоотой бусад харилцааг тодорхой болгож тусгасан.
6. Хууль зүйн туслалцаа үзүүлэх үйл ажиллагааны санхүүжилтийг бусад орлогын эх үүсвэрээс санхүүжих эрх зүйн орчныг бүрдүүлсэн.
7. Хууль зүйн туслалцаа үзүүлэх үйл ажиллагаан дахь бусад байгууллагын оролцоо, хувийн өмгөөлөгч оролцуулах журам, өмгөөллийн хөлсний санхүүжилтийг тодорхой болгож тусгасан байна.
Тус хуулийн төсөл батлагдсанаар төлбөрийн чадваргүй иргэнд үзүүлэх хууль зүйн туслалцааны тогтолцоо боловсронгуй болж, төлбөрийн чадваргүй байдлаасаа болж хууль зүйн туслалцаа авах эрх нь зөрчигдөхөөс урьдчилан сэргийлж, Монгол Улсын Үндсэн хуульд заасан иргэн бүр хууль шүүхийн өмнө эрх тэгш байх, Монгол Улсын хууль, олон улсын гэрээнд заасан эрх, эрх чөлөө нь зөрчигдсөн гэж үзвэл уул эрхээ хамгаалуулахаар шүүхэд гомдол гаргах, өөрийгөө өмгөөлөх, хууль зүйн туслалцаа авах зэрэг эрх, эрх чөлөө нь баталгаажиж, иргэний үндсэн эрхийн баталгаа сайжирна гэж үзжээ.
Эх сурвалж: http://forum.parliament.mn/projects/11049