ЗАСАГ ДАРГЫГ ЧӨЛӨӨЛӨХ, ОГЦРУУЛАХ, ЗАСАГ ДАРГА ОГЦРОХ ЗОХИЦУУЛАЛТ

Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг 6 бүлэг, 81 зүйлтэйгээр Улсын Их Хурлаас 2020 оны 12 дугаар сарын 24-ний өдөр баталсан бөгөөд уг хуулийг 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

Уг хуулийн 64 дүгээр зүйлд Засаг даргыг чөлөөлөх, огцруулах, Засаг дарга огцрох асуудлуудыг зохицуулсан бөгөөд тэдгээр асуудлыг уг зүйлд хэрхэн тусгасныг авч үзвэл:

Засаг даргыг чөлөөлөх:

Аймаг, сум, баг, нийслэл, дүүрэг, хорооны Засаг дарга эрүүл мэндийн байдал, хүндэтгэн үзэх бусад шалтгаанаар чөлөөлөгдөх хүсэлт гаргасан бол дээд шатны Засаг дарга буюу Ерөнхий сайд түүнийг бүрэн эрхийнх нь хугацаа дуусахаас өмнө үүрэгт ажлаас нь чөлөөлнө.

Засаг даргыг огцруулах:

Дээд шатны Засаг дарга, Ерөнхий сайд дараах үндэслэлээр доод шатны Засаг даргыг огцруулна:

- Засаг дарга гэмт хэрэг үйлдсэн нь шүүхийн хүчин төгөлдөр шийтгэх тогтоолоор нотлогдсон;

- Хууль тогтоомж удаа дараа, эсхүл ноцтой зөрчсөн;

- Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.1-д (Хурлын шийдвэрийг хангалтгүй биелүүлсэн гэж тухайн Хурал дүгнэсэн), 65.1.2 (нутаг дэвсгэрийнхээ эдийн засаг, нийгмийн хүн амын амьдралын асуудалтай холбогдох хуулиар хүлээсэн үүргээ хангалтгүй биелүүлсэн гэж тухайн Хурал дүгнэсэн) заасан үндэслэлээр Хурал түүнийг огцруулах санал гаргасан;

- Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.3-т (хууль тогтоомж, Засгийн газрын шийдвэр болон Ерөнхий сайд, дээд шатны Засаг даргын өгсөн үүрэг даалгаврыг хангалтгүй биелүүлсэн гэж дээд шатны Засаг дарга, Ерөнхий сайд үзсэн) заасан үндэслэлээр.

Засаг дарга огцрох:

Засаг дарга өөрөө огцрох хүсэлтээ гаргасан бол дээд шатны Засаг дарга, Ерөнхий сайд доод шатны Засаг даргыг огцруулна.

Дээд шатны Засаг дарга, Ерөнхий сайд Засаг даргыг огцруулах, Засаг дарга огцрох үндэслэл бий болсон тохиолдолд зохих шатны Хурлын санал, эсхүл өөрийн санаачилгаар огцруулах шийдвэр гаргана. Энэ шийдвэрээ тухайн Хуралд нэн даруй мэдэгдэх бөгөөд Хурал 15 хоногийн дотор Засаг даргад шинээр нэр дэвшүүлнэ.

Дээд шатны Засаг дарга, Ерөнхий сайд Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 64 дүгээр зүйлийн 64.2.3-т заасныг баримтлан гаргасан буюу мөн хуулийн 65.1.1 (Хурлын шийдвэрийг хангалтгүй биелүүлсэн гэж тухайн Хурал дүгнэсэн), 65.1.2 (нутаг дэвсгэрийнхээ эдийн засаг, нийгмийн хүн амын амьдралын асуудалтай холбогдох хуулиар хүлээсэн үүргээ хангалтгүй биелүүлсэн гэж тухайн Хурал дүгнэсэн)-т заасан үндэслэлээр Засаг даргыг огцруулах санал гаргасан тухайн Хурлын саналын дагуу Засаг даргыг огцруулах шийдвэрийг 14 хоногийн дотор гаргана. Хэрэв тухайн саналыг хүлээж аваагүй бол Хурал Засаг даргыг огцруулах саналыг нэг жилийн хугацаанд дахин тавихгүй.

Засаг даргыг хугацаанаас нь өмнө чөлөөлсөн, огцруулсан бол Засаг даргыг шинээр томилох хүртэлх хугацаанд түүний бүрэн эрхийг Засаг даргын орлогч хэрэгжүүлж хариуцлагыг бүрэн хүлээнэ.