ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ХОРОО

2020 оны 12 дугаар сарын 24-ний өдөр батлагдсан Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс дагаж мөрдүүлэхээр шийдвэрлэсэн бөгөөд тус хуулийн 18, 21 дүгээр зүйлд Аймаг, нийслэл, сум, дүүргийн Хуралд чиг үүрэг бүхий Хороо байгуулах онцгой бүрэн эрхийг олгосон шинэлэг зохицуулалт орсон байна.  

Уг хороо нь Аймаг, нийслэл, сум, дүүргийн Хурал нь хуралдаанаар хэлэлцэх асуудлыг урьдчилан бэлтгэх, санал, дүгнэлт гаргах, Хурлын тогтоол, шийдвэрийн биелэлтийг хянан шалгах, Хурлын тасралтгүй, байнгын үйл ажиллагааг хангах чиг үүрэгтэй байхаар тусгажээ.

Хурал нь цаг үеийн асуудлыг судлах, санал, дүгнэлт боловсруулах үүрэг бүхий түр хороо, ажлын хэсэг байгуулан ажиллуулж болох ба Хорооны тоо, бүрэлдэхүүн, түүнчлэн Хороо болон түр хороо, ажлын хэсэг байгуулах, түр хороог татан буулгах, тэдгээрийн ажиллах журмыг тухайн Хурал өөрөө тогтоохоор заасан бөгөөд хороог тухайн хурлын төлөөлөгчдийн бүрэлдэхүүнтэйгээр байгуулж, Хорооны даргыг тухайн хорооны төлөөлөгчдийн дотроос сонгохоор зохицуулжээ.

Бүрэн эрхийн хугацаа нь Хурлын бүрэн эрхийн хугацаатай ижил ба тухайн Хурлаас гадна Хурлын Тэргүүлэгчид хороо болон түр хорооны ажлыг зохицуулан зохион байгуулах, өөрийн дэргэдэх байгууллагын үйл ажиллагааг чиглүүлэн удирдах бүрэн эрхийг олгосон байна.