ШҮҮГЧИД ХОРИГЛОХ ЗҮЙЛ, АШИГ СОНИРХЛЫН ЗӨРЧЛӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ЗОХИЦУУЛАЛТ

Монгол Улсын шүүх эрх мэдлийг гагцхүү шүүх хэрэгжүүлэх бөгөөд Монгол Улсын Үндсэн хуулийн Дөчин есдүгээр зүйлийн 6 дахь хэсэгт “Хуульд заасан үндэслэл, журмын дагуу шүүгчийг албан тушаалаас нь түдгэлзүүлэх, огцруулах болон сахилгын бусад шийтгэл ногдуулах чиг үүрэг бүхий Шүүхийн сахилгын хороо ажиллах бөгөөд түүний бүрэн эрх, зохион байгуулалт, үйл ажиллагааны журам, бүрэлдэхүүнд тавих шаардлага, томилох журмыг хуулиар тогтооно” гэж зааснаар Шүүхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгыг 2021 оны 1 дүгээр сарын 15-ны өдөр УИХ-аас баталж, 2021 оны 3 дугаар сарын 1-ний өдрөөс хүчин төгөлдөр дагаж мөрдөж эхэлсэн билээ.

Уг хуулийн 11 дүгээр бүлэгт “Шүүгчид хориглох зүйл, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх” харилцааг зохицуулсан. Тус хууль батлагдахаас өмнө нь 2012 оны Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулиар зохицуулж байсан бөгөөд Шүүхийн тухай хуулийн шинэчилсэн найруулга батлагдсанаар мөн энэ оны 3 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн хүчингүй болсонд тооцсон.

Ийнхүү Шүүхийн тухай хуулийн шинэчилсэн найруулга батлагдсантай холбогдуулан өмнөх хуулийн зохицуулалтаас онцлог, шинэ зохицуулалтыг олон нийтэд хүргэж байна.

Нэг. Шүүгчид хориглох зүйлийн тухайд:

Шүүгчийн хэрэг маргаан хянан шийдвэрлэх ажиллагаатай холбогдуулан дараахь шинэлэг зохицуулалтыг Шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.22-50.1.40 хүртэлх заалтаар зохицуулсан байна. Тухайлбал,

- Шүүгчдийн зөвлөгөөнөөр шүүх хуралдаан даргалагчийн дарааллыг тогтоох болон хэрэг, нэхэмжлэл, гомдол, хүсэлт хүлээн авах, хуваарилах журмыг зөрчих;

- Хуулийн илт тодорхой заалтыг ноцтой, эсхүл удаа дараа зөрчсөн үйлдэл, эс үйлдэхүй гаргах;

- Хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр албан ажлаа удаа дараа таслах;

- Шүүх хуралдаан, урьдчилсан хэлэлцүүлгийн товыг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр удаа дараа зөрчих;

- Шүүхийн шийдвэр гаргахтай холбоотой хуульд тодорхой заасан хугацааг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр удаа дараа 30 хоногоос дээш хугацаагаар, эсхүл нэг удаа 60 хоногоос дээш хугацаагаар зөрчих; 

- Шүүхийн шийдвэрт үндэслэл огт бичээгүй нь дээд шатны шүүхээр тогтоогдсон;   

- Хуульд заасны дагуу татгалзан гарах үүрэгтэйгээ мэдсээр байж татгалзан гараагүй; 

- Ажлын байранд болон албан үүргээ гүйцэтгэхдээ согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэх, эсхүл ийм байдалтай ажилдаа ирэх;

- Шүүгчийн сахилгын хэрэг шалгах, хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулах; 

- Хүнийг үндэс, угсаа, хэл, арьсны өнгө, нас, хүйс, нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, шашин шүтлэг, үзэл бодол, бэлгийн болон хүйсийн чиг баримжаа, боловсрол, хөгжлийн бэрхшээл зэргээр нь ялгаварлан гадуурхах, дарамт үзүүлэх;

- Хэвлэл мэдээллийн хэрэгслээр болон олон нийтийн цахим мэдээ, мэдээллийн сүлжээ ашиглахдаа шүүх, шүүгчийн нэр хүндэд харшилсан, эсхүл шүүхийн үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлөх санал, сэтгэгдэл, зураг, дууны, дуу-дүрсний бичлэг болон бусад хэлбэрийн мэдээ, мэдээлэл тараах, байршуулах;

- Шийдвэр гаргахаар зөвлөлдөх явцад бусадтай аливаа хэлбэрээр харилцах, зөвлөлдөх тасалгааны нууцыг задруулах;   

- Шүүх хуралдааны явцад гар утас хэрэглэх зэрэг хэрэгт хамааралгүй өөр бусад үйл ажиллагаа явуулах; 

- Шүүхийн ажилтан болон өөрийн удирдлага дахь этгээдэд албан үүрэгт нь хамааралгүй үүрэг даалгавар өгөх;

- Шүүгч өөрөө гэрчээр дуудагдсан, эсхүл өөрийн удирдлага дахь ажилтны талаар тодорхойлохоос бусад тохиолдолд хүний зан байдал, ёс зүй, нэр төр, чадварын талаар тодорхойлох; 

- Албан үүргээ гүйцэтгэхээс бусад тохиолдолд шүүгчийн үнэмлэх, тэмдэг ашиглан өөртөө давуу байдал бий болгох, хувийн хэрэгцээнд шүүгчийн үнэмлэх, тэмдэг ашиглах, барьцаа болгон үлдээх;   

- Хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийн талаар эргэлзээ төрүүлэхүйц ойлголтыг бусдад өгөх, нийтэд мэдээлэх;

- Хуульд заасан нөлөөллийн мэдүүлгэг хөтлөх болон эрх бүхий байгууллагад хүргүүлэх үүргээ биелүүлэхгүй байх;

- Шүүх хуралдаанд оролцсон иргэдийн төлөөлөгчийн дүгнэлтийн агуулгыг шүүхийн шийдвэрийн тодорхойлох хэсэгт бичиж, уг дүгнэлтийн талаарх үндэслэлээ үндэслэх хэсэгт тодорхой тусгах үүргээ биелүүлэхгүй байх зэрэг нарийвчилсан зохицуулалтыг оруулсан байна.

Хоёр. Шүүгчид ашиг сонирхолын зөрчлөөс урьдчилан сэргийлэх зохицуулалтын тухайд:

Шүүгч шүүн таслах ажиллагаанд оролцоход ашиг сонирхлын зөрчил үүсэж болзошгүй нөхцөл байдал байгаа бол өөрөө татгалзан гарах, эсхүл хэргийн оролцогчдод мэдэгдэж, тэдгээрийг татгалзах хүсэлт гаргах боломжоор хангах үүрэгтэй.

Өмнөх Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулиар “Шүүгчид шүүгчийн албан тушаалаас чөлөөлөгдсөн, эсхүл өндөр насны тэтгэвэрт гарсны дараа хоёр жилийн хугацаанд өмгөөллийн үйл ажиллагаа эрхлэхийг хориглоно.” гэсэн зохицуулалттай байсныг Шүүхийн тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.2 болон 51.3 дахь хэсэгт өөрийн хүсэлтээр шүүгчийн албан тушаалаас чөлөөлөгдсөнөөс хойш хоёр жилийн хугацаанд өмгөөллийн үйл ажиллагаа эрхлэхийг хориглох бол харин шүүгчийн албан тушаалаас огцорсон, эсхүл өндөр насны тэтгэвэрт гарсан бол өмгөөллийн үйл ажиллагаа эрхлэхийг бүр мөсөн хориглохоор өөрчилж оруулсан байна.

Мөн түүнчлэн Авлигын эсрэг хууль болон Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд заасан журмын дагуу хөрөнгө, орлогын мэдүүлэг, хувийн ашиг сонирхлын мэдүүлгийг үнэн зөв гаргаж өгөх үүргийг давхар хүлээлгэсэн байна.