ШҮҮХИЙН САХИЛГЫН ХОРОО, ТҮҮНИЙ АЖИЛЛАХ ЖУРМЫН ТУХАЙ

Монгол Улсын Их хурлаас 2021 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгыг баталж, 2021 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс хууль хүчин төгөлдөр үйлчилж эхлээд байна. Тус хуульд шүүгчийг албан тушаалаас нь түдгэлзүүлэх, огцруулах болон сахилгын бусад шийтгэл оногдуулах чиг үүрэг бүхий Шүүхийн сахилгын хороо (цаашид “Сахилгын хороо” гэх)-ны бүрэн эрх, зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг тогтоосон ба энэ талаарх ерөнхий мэдээллийг хүргэж байна.

Сахилгын хороо нь 2019 онд Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн дагуу шинээр байгуулагдаж байгаа байгууллага юм. Хуульд зааснаар тус байгууллага нь шүүхийн төсвөөс санхүүжих, бие даасан байгууллага байна.

 Орон тооны 9 гишүүнээс бүрдэх ба гишүүд нь 6 жилийн бүрэн эрхийн хугацаатайгаар зөвхөн 1 удаа сонгогдож, томилогдоно. Үүнд:

- Хяналтын шатны шүүхээс 1;

- Давж заалдах шатны шүүхээс 2;

- Анхан шатны шүүхээс 1 шүүгчийг Нийт шүүгчийн чуулганаас нууц санал хураалтаар сонгож,

Бусад 5 гишүүнийг нээлттэй сонгон шалгаруулалтын үндсэн дээр Улсын Их Хурал томилно.

Сахилгын хорооны гишүүнд тавигдах шаардлага:

Тус хорооны бүрэлдэхүүнд орох шүүгч гишүүн нь шүүгчээр 10-аас доошгүй жил ажилласан, сахилгын шийтгэлгүй байх шаардлагатай. Харин бусад гишүүн нь хууль зүйн өндөр мэргэшилтэй, эрх зүйч мэргэжлээр 10-аас доошгүй жил ажилласан, төрийн алба хаах насны дээд хязгаарт хүрээгүй байх ерөнхий шаардлагыг хангасан байна. Мөн шүүгч бус гишүүний хараат бус байдлыг шалгуур болгох үүднээс тусгай шаардлагууд тавигдана. Тухайлбал, сүүлийн 5 жил шүүгч, Ерөнхий зөвлөлийн гишүүн, шүүхийн захиргааны байгууллагын ажилтан, өмгөөлөгч, прокурор, улс төрийн албан тушаал болон улс төрийн намын удирдах албан тушаал эрхэлж байгаагүй байх шаардлагатай.

Сахилгын хорооны үйл ажиллагаа

Сахилгын хороо нь үйл ажиллагаагаа хуралдаан хэлбэрээр явуулах ба хуралдаанаас  захирамж, тогтоол, магадлал гаргана. Мөн сахилгын хорооны өдөр тутмын хэвийн үйл ажиллагааг хангах үүднээс ажлын албатай байхаар зохицуулсан бөгөөд бүтэц, орон тоо, үйл ажиллагааг зохицуулах дүрэмтэй байна.

Шүүгчтэй холбоотой сахилгын хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаа нь сахилгын зөрчлийн тухай өргөдөл, мэдээллийг хүлээн авах, сахилгын хэрэг үүсгэх, шалгах, Сахилгын хорооны хуралдаанаар хянан шийдвэрлэх, гомдол, эсэргүүцэл гаргах, гомдол, эсэргүүцлийг хянан шийдвэрлэх ажиллагаанаас бүрдэнэ. Үүнээс гадна, шүүхийн бие даасан, шүүгчийн хараат бус байдлыг хангах, шүүгч, шүүх бүрэлдэхүүнээс хэрэг, маргааныг шийдвэрлэхэд мэдээлэл, судалгаа, санхүү, аж ахуй, техник, зохион байгуулалтын туслалцаа үзүүлэн, ажиллах нөхцөлөөр хангах үндсэн чиг үүрэг бүхий шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүнтэй холбоотой ёс зүйн өргөдөл, мэдээллийг хүлээн авах, сахилгын хэрэг үүсгэх, шалгах, хянан шийдвэрлэх журмыг хараат бус, бодитой байх зарчимд нийцүүлэн батлах чиг үүргийг Сахилгын хороо хэрэгжүүлэхээр байна.