САХИЛГЫН ХЭРЭГ ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ АЖИЛЛАГАА

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн шинэчилсэн найруулга 2021 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр батлагдсан бөгөөд уг хуулийг 2021 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс дагаж мөрдөж эхэлсэн.

Шүүхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын 16 дугаар бүлэгт шүүгчид холбогдох сахилгын хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг нарийвчлан зохицуулсан байна.

Шүүгчид холбогдох сахилгын хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь шүүгч уг Шүүхийн тухай хуулиар хориглосон, хязгаарласан, үүрэг болгосон зохицуулалтыг зөрчсөн талаар хүн, албан тушаалтан, хуулийн этгээдээс гаргасан өргөдөл, мэдээллийг хүлээн авах, сахилгын хэрэг үүсгэх, шалгах, Сахилгын хорооны хуралдаанаар хянан шийдвэрлэх, гомдол, эсэргүүцэл гаргах, гомдол, эсэргүүцлийг хянан шийдвэрлэх ажиллагаанаас бүрдэнэ.

Хүн, албан тушаалтан, хуулийн этгээдээс гаргасан шүүгчид холбогдох сахилгын зөрчлийн талаарх өргөдөл, мэдээллийг Шүүхийн сахилгын хороо хүлээн авч Сахилгын хорооны гишүүнд хуваарилна. Сахилгын хорооны гишүүн (цаашид “илтгэгч гишүүн”) нь өргөдөл, мэдээллийг хүлээн авснаас хойш 30 хоногийн дотор сахилгын хэрэг үүсгэх эсэх тухай захирамж гаргана.

Сахилгын хэрэг үүсгэсэн тохиолдолд хэрэг үүсгэсэн захирамж, тогтоолыг өргөдөл, мэдээллийн хамт холбогдох шүүгчид гаргуулан өгөх бөгөөд шүүгч түүнийг хүлээн авснаас хойш 14 хоногийн дотор өргөдөл, мэдээллийн талаар бичгээр хариу тайлбар, нотлох баримт гаргах хүсэлт гаргаж болно.

Сахилгын хэргийг үүсгэснээс хойш 60 хоногийн дотор, сахилгын хэргийг дахин шалгуулахаар буцааснаас хойш 30 хоногийн дотор хянан шийдвэрлэнэ. Энэ хугацааг шаардлагатай тохиолдолд 30 хүртэл хоногоор нэг удаа сунгаж болно. Шүүгчид холбогдуулж сахилгын хэрэг үүсгэсэн бол өргөдөл гаргагч өргөдлөөсөө татгалзсан эсэхээс үл хамааран сахилгын хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааг үргэлжлүүлэн явуулна.

Илтгэгч гишүүн сахилгын хэргийг үүсгэсний дараа дараах шалгах ажиллагааг явуулна. Үүнд:

- Сахилгын хэрэг үүсгэсэн захирамж, тогтоол гарсан өдрөөс хойш 14 хоногийн дотор уг захирамж, тогтоолыг өргөдөл, мэдээллийн хуулбарын хамт холбогдох шүүгчид гардуулж, эсхүл ажлын албаны ажилтнаар болон шуудангаар хүргүүлж, энэ тухай баримтжуулах;

- Сахилгын хэргийн оролцогчид буюу сахилгын зөрчилд холбогдох шүүгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчид эрх, үүргийг нь тайлбарлан өгч, энэ тухай баримтжуулах;

- Сахилгын хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримтыг цуглуулах, гэрчийг дуудаж мэдүүлэг авах, шинжээч, орчуулагч, хэлмэрч томилох болон шаардлагатай бусад ажиллагааг явуулах;

- Сахилгын хэргийн оролцогчийг дуудан ирүүлэх;

- Сахилгын хэрэг хянан шийдвэрлэх бэлтгэл ажлыг хангах, зохион байгуулах;

- Шаардлагатай тохиолдолд сахилгын хэрэг хянан шийдвэрлэх хугацааг хуульд заасны дагуу сунгах;

- Шаардлагатай тохиолдолд сахилгын хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасны дагуу түдгэлзүүлэх, сэргээх;

- Энэ хуульд заасан бусад ажиллагаа зэрэг болно.

Илтгэгч гишүүн сахилгын хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг цуглуулах үүрэгтэй байна. Сахилгын хороо сахилгын хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг байгууллага, албан тушаалтан, хүнээс гаргуулан авах эрхтэй бөгөөд холбогдох этгээд гаргаж өгөх үүрэгтэй.

Мөн холбогдох шүүгч өргөдөл мэдээлэлд гаргасан хариу тайлбарын үндэслэлийн талаар нотлох баримтаа гаргаж өгөх ба гаргаж өгөх боломжгүй, эсхүл  мэдэгдээгүй нотлох баримтын эх сурвалжийг заах үүрэгтэй, мөн өргөдөл, мэдээлэлтэй холбоотой нотлох баримттай хуралдаан товлохоос өмнө танилцах эрхтэй байна.

Сахилгын хорооны хуралдаан 3 гишүүний бүрэлдэхүүнтэй ба хоёр нь шүүгч бус гишүүн, нэг нь шүүгч гишүүн байх бөгөөд илтгэгч гишүүн орохыг хориглоно.

Сахилгын хорооны хуралдаанаар сахилгын хэргийг хянан хэлэлцээд дараах шийдвэрийн аль нэгийг гаргана. Үүнд:

- Нотлох дүгнэлтийг хүчингүй болгож, сахилгын хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох;

- Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох саналыг хүлээн авч, сахилгын хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох;

- Нотлох дүгнэлтийг бүхэлд нь, эсхүл зарим хэсгийг хүлээн авч, шүүгчид сахилгын шийтгэл оногдуулах тухай магадлал гаргана.

Харин шүүгчийн гэмт хэргийн шинжтэй үйлдлийг шалгуулахаар эрх бүхий байгууллага, албан тушаалтанд шилжүүлэх, сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох санал, эсхүл нотлох дүгнэлтийг хүчингүй болгож, дахин шалгуулахаар илтгэгч гишүүнд буцаах болон хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой бусад асуудлаар тогтоол гаргах бөгөөд ийнхүү гаргасан тогтоол эцсийн шийдвэр байна.

Сахилгын хорооны магадлалыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор сахилгын хэргийн оролцогч гомдол, илтгэгч гишүүн эсэргүүцэл Сахилгын хороонд гаргаж болно.

Сахилгын хорооны магадлалд гаргасан гомдол, эсэргүүцлийг хүлээж авснаас хойш 30 хоногийн дотор Сахилгын хорооны хянан үзэх хуралдаанаар шийдвэрлэж, дараах агуулга бүхий хяналтын тогтоолыг бүрэлдэхүүний гишүүдийн олонхын саналаар гаргана. Үүнд:

- Гомдол, эсэргүүцлийг хангахгүй орхиж, магадлалыг хэвээр үлдээх;

- Гомдол, эсэргүүцлийг бүхэлд нь, эсхүл зарим хэсгийг хангаж, магадлалд өөрчлөлт оруулах;

- Гомдол, эсэргүүцлийг бүхэлд нь, эсхүл зарим хэсгийг хангаж, магадлалыг хүчингүй болгож, дахин шалгуулахаар илтгэгч гишүүнд, эсхүл дахин хэлэлцүүлэхээр Сахилгын хорооны хуралдаанд буцаах;

- Гомдол, эсэргүүцлийн зарим хэсгийг хангаж, магадлалын зарим хэсгийг хэвээр үлдээх, өөрчлөх, хүчингүй болгож, сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох, эсхүл дахин шалгуулахаар илтгэгч гишүүнд, эсхүл дахин хэлэлцүүлэхээр Сахилгын хорооны хуралдаанд буцаах.

Бүрэлдэхүүн сахилгын хэргийн оролцогчийн болон илтгэгч гишүүний тайлбарыг сонссоны дараа асуулт тавих, нэмэлт тайлбарыг сонсож, хуралдаан завсарлан зөвлөлдөх тасалгаанд орж, хяналтын тогтоол гаргана.

Хяналтын тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор гомдлыг сахилгын хэргийн оролцогч, илтгэгч гишүүн эсэргүүцлийг Улсын дээд шүүхэд гаргах ба Улсын дээд шүүхийн хяналтын шатны сахилгын хэргийн хуралдааны тогтоол гармагц хуулийн хүчин төгөлдөр болох бөгөөд эцсийн шийдвэр байна.