ЗАСАГ ЗАХИРГАА, НУТАГ ДЭВСГЭРИЙН НЭГЖИЙН ОЙЛГОЛТ, ТЭДГЭЭР НЬ ЭРХ ЗҮЙН ХАРИЛЦААНД ОРОЛЦОХ
2020 оны 12 дугаар сарын 24-ний өдөр батлагдсан Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс дагаж мөрдүүлэхээр шийдвэрлэжээ. Тус хуульд засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн ойлголт, түүний эрх зүйн харилцаанд оролцох оролцоог тусгайлан зааж өгсөн байна.
Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж гэж юу вэ?
Монгол Улс засаг захиргааны хувьд 21 аймаг, аймгууд нь 330 сум, 1613 багт, нийслэл хот нь 9 дүүрэг, 152 хороонд хуваагддаг. Аймаг, сум, нийслэл, дүүрэг зэрэг нь эрх зүйн харилцаанд хуулийн этгээдийн нэгэн адил оролцоно. Харин Засаг дарга нь эрх зүйн харилцаанд аймаг, сум, нийслэл болон дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд олгосон эрхийн дагуу төлөөлөн оролцоно.
Эрх зүйн харилцаан дахь оролцоо
- Аймаг нь хуулиар тусгайлан олгосон чиг үүргийн хүрээнд эдийн засаг, нийгмийн асуудлаар бие даан шийдвэр гаргах, сумдын үйл ажиллагааг зохицуулах, хууль тогтоомжийн биелэлтийг хангах, хяналтыг хэрэгжүүлэх;
- Сум нь хуулиар тусгайлан олгосон чиг үүргийн хүрээнд эдийн засаг, нийгмийн асуудлаар бие даан шийдвэр гаргах, хууль тогтоомжийн биелэлтийг хангах, иргэдэд хуульд заасан үйлчилгээг үзүүлэх, зохион байгуулах;
- Баг нь нутгийн өөрийн удирдлагад иргэдийн оролцоог хангах, иргэдэд хуульд заасан үйлчилгээ хүргэх, багийн оноосон нэрийг орон нутгийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас зөвшөөрөл авсны үндсэн дээр аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал тогтоох;
- Нийслэл нь төрийн дээд байгууллагын хэвийн үйл ажиллагааг хангах, хуулиар тусгайлан олгосон чиг үүргийн хүрээнд эдийн засаг, нийгмийн асуудлаар бие даан шийдвэр гаргах, дүүргүүдийн үйл ажиллагааг зохицуулах, иргэдэд хуульд заасан үйлчилгээ үзүүлэх үйл ажиллагааг зохион байгуулах, хууль тогтоомжийн биелэлтийг хангах, хяналтыг хэрэгжүүлэх, Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлыг хуулиар тогтоох;
- Дүүрэг нь хуулиар тусгайлан олгосон чиг үүргийн хүрээнд эдийн засаг, нийгмийн асуудлаар бие даан шийдвэр гаргах, иргэдэд хуульд заасан үйлчилгээг үзүүлэх, хууль тогтоомжийн биелэлтийг хангах, хороодын нэгдсэн удирдлагыг хэрэгжүүлэх;
- Хороо нь иргэдэд хуульд заасан үйлчилгээ хүргэх, нутгийн өөрийн удирдлагад иргэдийн оролцоог хангах, хэсгийн зохион байгуулалттай байх, Хэсгийн хуваарийг хүн амын суурьшил, өрхийн тоог харгалзан дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал тогтоох зэрэг тус бүрийн оролцоотой байна.