КОРОНАВИРУСТ ХАЛДВАРЫН ЦАР ТАХЛААС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ, ТЭМЦЭХ, НИЙГЭМ, ЭДИЙН ЗАСАГТ ҮЗҮҮЛЭХ СӨРӨГ НӨЛӨӨЛЛИЙГ БУУРУУЛАХ ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ХУУЛИЙН ТАНИЛЦУУЛГА
“Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хууль, Хуулийн төсөл буцаах тухай” Улсын Их Хурлын тогтоолыг Улсын Их Хурлын 2021 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэн батлагджээ.
Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулиар дараах зарчмын асуудлыг зохицуулсан. Үүнд:
- Тус цар тахлын нөлөөлөөс эдийн засгийн нөхцөл байдал хүндэрсэн цаг үед барьцаалан зээлдүүлэх газраас зээл авсан иргэн хуулийн этгээдийн үйл ажиллагаа нь гамшгаас хамгаалах өндөржүүлсэн болон бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн хугацаанд зогсож, цалин орлого нь тасалдан зээлээ эргэн төлөх чадваргүй болж, тэдгээрт өрийн дарамт бий болох, зээлдэгчийн барьцааны зүйл, өмч хөрөнгийн үнэ цэнэ буурах, үнэгүйдэх эрсдэлээс сэргийлж барьцаалан зээлдүүлэх газар нь 2020 оны 12 дугаар сарын 22-ны өдрөөс 2021 оны 06 дугаар сарын 30-ны өдрийг хүртэлх хугацаанд Зээлдэгчтэй байгуулсан зээлийн гэрээний хүүгийн хэмжээг сарын 3 хувиас, алдангийн хэмжээг өдрийн 0.2 хувиас хэтрүүлэхгүй тооцохоор, үүнээс бусад нэмэгдүүлсэн хүү, шимтгэл, хураамж тооцох болон барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангах арга хэрэглэхийг хориглох, гэрээнд өөрчлөлт оруулах, зээлийн төлбөр, хүү төлөх хуваарийг шинэчлэн зээлдэгчид мэдэгдэх, хэрэв зээлдэгч нь барьцаалан зээлдүүлэх газрыг энэ хуульд заасныг зөрчсөн гэж үзвэл Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газарт гомдол гаргахаар хуульд тусгалаа.
- Цар тахлын дотоод дахь анхны тохиолдол бүртгэгдсэнтэй холбоотойгоор коронавирусын халдвар авсан, халдвар авсан байж болзошгүй хүний хувийн мэдээллийн нууцлалыг хамгаалах, хүний хувийн болон гэр бүлийн нууцыг задруулахаас сэргийлэх, аливаа байдлаар ялгаварлан гадуурхагдах, нэр төрийг нь гутаан доромжлох нөхцөлд хүргэхгүй байх.
- Цар тахлын үед эрсдэл бүхий нөхцөлд үүрэг гүйцэтгэж байхдаа коронавирусын халдвар авсан төрийн албан хаагчид нэг удаагийн мөнгөн тэтгэмж олгох асуудлыг шийдвэрлэх.
- Хүний амь нас, эрүүл мэндийг хамгаалахад зайлшгүй шаардлагатай бараа бүтээгдэхүүн, эм, эмнэлгийн хэрэгсэл тоног төхөөрөмжийг улсын хилээр хойшлуулшгүйгээр нэвтрүүлэх арга хэмжээ авах.
- Цар тахлын үед амь нас эрүүл мэнд нь хохирох эрсдэлтэй, халдварын голомтод ажил, үүргээ гүйцэтгэж байгаа төрийн албан хаагчийг эрүүл мэндийн даатгалд тэргүүн ээлжид хамруулах.
- Эрсдэл бүхий нөхцөлд үүрэг гүйцэтгэж байгаа төрийн жинхэнэ болон үйлчилгээний албан хаагчид зориулсан түрээслээд өмчлөх хэлбэртэй орон сууцны өмчлөх болон түрээсийн төлбөрийн үлдэгдэл хэмжээг нэмэгдүүлэхгүйгээр түрээслэгчийн хүсэлтээр төлбөрийн хугацааг хойшлуулах, төрөөс хэрэгжүүлж байгаа орон сууцны ипотекийн хөнгөлөлттэй хүүтэй зээлийн төлбөрийн үүргийн гүйцэтгэлийг зээлийн үндсэн болон хүүгийн төлбөрийн үлдэгдэл хэмжээг нэмэгдүүлэхгүйгээр хугацааг 2021 оны 06 дугаар сарын 30 хүртэл хойшлуулах, мөн хугацаагаар зээлийн гэрээний хугацааг сунгах асуудлыг Монголбанк Засгийн газартай хамтран хэрэгжүүлэх.
- Короновируст халдварын цар тахлын улмаас сурч боловсрох эрх нь хязгаарлагдаж байгаа бүх шатны сургалтын байгууллагын оюутан, сурагчдын дотуур байрны төлбөрийг хөнгөлөх, дараагийн төлбөрт шилжүүлэх арга хэмжээ авахаар зэрэг асуудлыг хуульд тусгалаа.
Хууль батлагдсанаар цар тахлын улмаас Монгол Улсад үүссэн эдийн засаг, санхүүгийн эрсдлийг бууруулж, үйл ажиллагаа нь хязгаарлалтад орсон, зогссон, цалин орлого нь тасалдсан иргэн хуулийн этгээдэд учирч буй эдийн засгийн хүндрэл, зээлээс үүсэх өрийн дарамт, барьцаа хөрөнгө үнэгүйдэхээс сэргийлэх, цар тахлын үед халдварт өвчнөөр өвчилсөн буюу, өвчилсөн байж болзошгүй хүнийг ялгаварлан гадуурхахгүй, гутаан доромжлохгүй байх, амь нас, эрүүл мэнд, аюулгүй байдал нь баталгаа бүрдэх, хамгаалагдах, барьцаалан зээлдүүлэх газрын зээлийн хүүг тогтворжуулах, халдварын голомтод үүрэг гүйцэтгэж буй төрийн алба хаагчдад тэтгэмж олгох, гадаадад буй иргэдийнхээ эх орондоо ирэх эрхийг хангах, дэмжлэг үзүүлэх, оюутан сурагчдын төлбөрийг хөнгөлөх зэрэг ач холбогдол бүхий цогц арга хэмжээг багтаасан эрх зүйн шийдвэр боллоо.
Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн хамт өргөн мэдүүлсэн Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн хэрэгжих хугацааг сунгах тухай, Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Цагдаагийн албаны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Зөрчлийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд нэмэлт оруулах тухай, Цахим гарын үсгийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг Улсын Их Хурлын гишүүдийн олонх хэлэлцэх шаардлагагүй гэж үзсэн тул хууль санаачилагчид нь буцаасан.
Эх сурвалж: Улсын Их Хурлын Тамгын газар