СОНГУУЛЬ АЖИГЛАХ НИЙТЛЭГ ЖУРМЫН ТАНИЛЦУУЛГА
Сонгуулийн ерөнхий хорооноос 2021 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 29 дугаартай тогтоолоор “Сонгууль ажиглах нийтлэг журам”-г шинэчлэн баталсан бөгөөд энэхүү тогтоол батлагдсантай холбогдуулан тус хорооны 2020 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн “Сонгууль ажиглах журам батлах тухай” 14 дүгээр тогтоолыг хүчингүй болсонд тооцсон байна.
Уг журмын нийтлэг үндэслэлд: Сонгуулийн үйл ажиллагаа хууль тогтоомжийн хүрээнд явагдаж байгаа эсэхэд хөндлөнгийн ажиглалт хийхтэй холбогдсон харилцааг зохицуулна.
Уг журамд “Ажиглагч” гэж холбогдох шатны сонгуулийн байгууллагад бүртгүүлэн үнэмлэх авсан, 18 нас хүрсэн, эрх зүйн бүрэн чадамжтай Монгол Улсын болон гадаад улсын иргэдийг ойлгоно.
Ажиглагчдыг дараах этгээд томилон ажиллуулж болохоор тусгасан. Үүнд:
1.Сонгуульд оролцож байгаа нам, эвсэл, эсхүл нэр дэвшигч;
2.Сонгуулийн ерөнхий хороонд бүртгүүлсэн төрийн бус байгууллага;
3.Гадаадын болон олон улсын байгууллага, гадаад улсаас Монгол Улсад суугаа дипломат төлөөлөгчийн газар зэрэг болно.
УИХ-ын сонгуулийн тухайд нам, эвсэл, эсхүл нэр дэвшигч нэг санал авах байранд 4 хүртэл, орон нутгийн сонгуулийн тухайд нам, эвсэл, эсхүл нэр дэвшигч нэг санал авах байранд 3 хүртэл, Ерөнхийлөгчийн сонгуулийн тухайд нэр дэвшигч нэг санал авах байранд 3 хүртэл ажиглагч томилон ажиллуулах эрхтэй. Харин Сонгуулийн ерөнхий хороонд бүртгүүлсэн төрийн бус байгууллага нэг санал авах байранд 2 хүртэл ажиглагчийг томилон ажиллуулах эрхтэй.
Ажиглагч нь сонгууль ажиглахдаа Монгол Улсын хууль тогтоомжийг дагаж мөрдөх ба энэ журмын хавсралтаар баталсан ажиглагчийн ёс зүйн дүрэмтэй танилцаж, гарын үсэг зурсан байна. Мөн ажиглагч бүртгүүлэх хүсэлт гаргасан бүх байгууллага ажиглагчийн ёс зүйн дүрэм болон сонгуулийн тухай хууль тогтоомжийг өөрийн илгээж буй ажиглагчдад танилцуулах үүргийг хүлээхээр зохицуулсан байна.
Түүнчлэн сонгууль ажигласан этгээд ажиглалтын тайлангаа зөвлөмжийн хамт Сонгуулийн ерөнхий хорооны gecm@gec.gov.mn цахим хаягаар хүргүүлнэ.
Ажиглагч бүртгүүлэх хүсэлт гаргахдаа бүртгэлийн маягтын дагуу гаргаж, санал авах өдрөөс 5-аас доошгүй хоногийн өмнө дараах баримт бичгийн хамт цаасан, эсхүл цахим хэлбэрээр хэсгийн хороонд хүргүүлнэ:
1. Ажиглагчаар томилсон шийдвэрийн хуулбар;
2. Маягтын дагуу гаргасан ажиглагчийн өргөдөл;
3. Нэг хувь 3х4 хэмжээтэй цээж зураг;
4. Иргэний үнэмлэхийн хуулбар;
5. Ёс зүйн дүрмийг дагаж мөрдөхөө илэрхийлэн гарын үсэг зурсан уг дүрмийн хуулбар хүргүүлж, Хэсгийн хороо ирүүлсэн хүсэлт, холбогдох баримт бичгийг хүлээн авч, санал авах өдрөөс 2-оос доошгүй хоногийн өмнө хуульд заасан шаардлага хангасан этгээдийг ажиглагчаар бүртгэж, үнэмлэх олгоно.
Хэрэв хэсгийн хороо дээрх баримт бичиг дутуу, шаардлага хангахгүй тохиолдолд хуульд заасан хугацаанд багтаан баримт бичгийн зөрчлийг арилгуулах, дахин бүрдүүлж ирүүлэхийг шаардах эрхтэйгээр тусгасан байна.
Гадаадын болон олон улсын байгууллага, гадаад улсаас Монгол Улсад суугаа дипломат төлөөлөгчийн газар, гадаад улсын иргэн /цаашид “гадаадын ажиглагч” гэх/ сонгууль ажиглах, ажиглагчаар бүртгүүлэх хүсэлтээ дараах баримт бичгийн хамт цаасан, эсхүл цахим хэлбэрээр Сонгуулийн ерөнхий хороонд хүргүүлнэ:
1.Ажиглагчаар томилсон тухай холбогдох байгууллагын албан хүсэлт;
2.Маягтын дагуу гаргасан ажиглагчийн өргөдөл;
3.Нэг хувь 3х4 хэмжээтэй цээж зураг;
4.Гадаад паспортын хуулбар.
5. Ёс зүйн дүрмийг дагаж мөрдөхөө илэрхийлэн гарын үсэг зурсан уг дүрмийн хуулбар зэргийг хүргүүлж, Сонгуулийн ерөнхий хороо хүлээн авснаас хойш 5 хоногийн дотор нягтлан шалгаж, хуульд заасан шаардлага хангасан этгээдийг гадаадын ажиглагчаар бүртгэж, үнэмлэх олгоно.
Түүнчлэн гадаадын ажиглагчийн орчуулагч нь гадаадын ажиглагчийн нэгэн адил бүртгүүлж, үнэмлэх авсан байхаар зохицуулжээ.
Аймаг, нийслэлийн сонгуулийн хороо өөрийн харьяалах сум, дүүргийн сонгуулийн хороодоос сонгуулийн хэсэг тус бүрээр гаргасан ажиглагчдын талаарх мэдээллийг нэгтгэн, санал авах өдрөөс өмнө Сонгуулийн ерөнхий хороонд хүргүүлнэ.
Эх сурвалж: https://www.legalinfo.mn/annex/details/11698?lawid=16201