ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН САЙДЫН 2021 ОНЫ 4 ДҮГЭЭР САРЫН 5-НЫ ӨДРИЙН А/67 ДУГААР ТУШААЛААР “ЛИЦЕНЗИЙН ГЭРЭЭ БОЛОН ОЮУНЫ ӨМЧИЙН АШИГЛАЛТТАЙ ХОЛБООТОЙ БУСАД ГЭРЭЭГ БҮРТГЭХ ЖУРАМ”-ЫГ БАТАЛСАН БАЙНА
Уг журмын гол зохицуулалт нь Монгол Улсад эрхийн хамгаалалт хийгдсэн шинэ бүтээл, ашигтай загвар, бүтээгдэхүүний загвар, барааны тэмдгийн лицензийн гэрээг заавал албан журмаар, оюуны өмчийн ашиглалттай холбоотой бусад гэрээг сайн дурын хүсэлтийг үндэслэн бүртгэх ба Лицензийн гэрээ гэдэг нь шинэ бүтээл, бүтээгдэхүүний загвар, ашигтай загвар, барааны тэмдгийг бусад этгээдэд түр хугацаагаар ашиглуулахаар бичгээр байгуулсан хэлцэлийг болон бусад оюуны өмчийн ашиглалттай холбоотой гэрээ байхаар тусгасан байна.
Дээрх гэрээг оюуны өмчийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага бүртгэх бөгөөд гэрээний бүртгэлийн цаасан болон цахим мэдээллийн сан бүрдүүлэхээр хэлбэрийг зохицуулсан байна.
Лицензийн гэрээг бүртгүүлэхэд эрх эзэмшигч, лиценз авагч, эсхүл тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь тус журмын хавсралтаар батлагдсан хүсэлтийн дагуу дараах бичиг баримтын хамт ирүүлнэ:
- Шинэ бүтээл, бүтээгдэхүүний загвар, ашигтай загварт хамаарах гэрээний эх хувь, эсхүл гэрээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар;
- Барааны тэмдэгт хамаарах гэрээний эрх олгосон холбогдох хэсгийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, эсхүл энэ журмын хавсралт “Маягт Л-3”-ын дагуу лиценз өгөгч, лиценз авагч гарын үсэг зурж баталгаажуулсан мэдэгдэл;
- Тухайн лиценз нь дэд лиценз бол үндсэн лицензийн гэрээ;
- Гадаад хэлээр үйлдэгдсэн бол түүний орчуулга;
- Лиценз өгөгч болон лиценз авагчийн хооронд хийсэн итгэмжлэл;
- Лицензийн гэрээний тал болоогүй хамтран эзэмшигч бүр лицензийн гэрээг зөвшөөрч, гарын үсэг зурж баталгаажуулсан мэдэгдэл;
- Тэмдэгтийн хураамж болон үйлчилгээний хөлс төлсөн баримт.
Та илүү дэлгэрэнгүй мэдээллийг доорх холбосоор орж танилцаарай. https://www.legalinfo.mn/law/details/16266