“ГЭМТ ХЭРГИЙН ХОХИРОГЧИД НӨХӨН ТӨЛБӨР ОЛГОХ ЖУРАМ”-ЫН ТАНИЛЦУУЛГА

Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 12 дугар сарын 16-ны өдрийн 220 дугаар тогтоолоор Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 10.5-д заасныг үндэслэн “Гэмт хэргийн хохирогчид нөхөн төлбөр олгох журам”-ыг шинэчлэн баталсан.

Журмын зохицуулалтыг дэлгэрэнгүй байдлаар танилцуулбал:

 

ГЭМТ ХЭРГИЙН ХОХИРОГЧИД НӨХӨН

ТӨЛБӨР ОЛГОХ ЖУРАМ

Нэг. Нийтлэг үндэслэл

1.1. Энэ журмын зорилго нь Гэмт хэргийн хохирогчид нөхөн төлбөр олгох сан (цаашид “Сан” гэх)-гаас гэмт хэргийн улмаас амь насаа алдсан этгээдийн хууль ёсны төлөөлөгч, хүнд гэмтэл учирсан хохирогчид Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 10.3-т заасны дагуу нөхөн төлбөр олгохтой холбогдсон харилцааг зохицуулахад оршино.

Хоёр. Нөхөн төлбөр олгох сангийн зорилго

2.1. Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 10.2-т заасан эх үүсвэрээс бүрдсэн Сангийн хөрөнгийг Монгол Улсын нутаг дэвсгэрт үйлдэгдсэн, Эрүүгийн хуульд заасан дор дурдсан гэмт хэргийн улмаас амь насаа алдсан этгээдийн хууль ёсны төлөөлөгч, хүнд гэмтэл учирсан хохирогчид нөхөн төлбөр олгоход зарцуулна:

Эрүүгийн хуулийн зүйл, заалт

Эрүүгийн хуулийн зүйл, заалтын гарчиг

1.

10.1

Хүнийг алах

2.

11.1

Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах

3.

11.4

Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах

4.

12.1

Хүчиндэх

5.

12.3

Бэлгийн мөлжлөг

6.

13.1

Хүн  худалдаалах

7.

13.2

Хүн хулгайлах

8.

13.3

Хүн барьцаалах

9.

13.4

Хүнийг хүчээралга болгох

10.

15.3

Хүний цус, эс, эд эрхтнийг хууль бусаар авах

11.

15.5

Хууль бусаар үр хөндөх

12.

16.1

Хүүхдийг гэмт хэрэг үйлдэхэд татан оруулах

13.

16.3

Хүүхдийг хаях, төөрүүлэх, тэнүүчлэлд хүргэх

14.

16.6

Хүүхэд худалдах

15.

16.7

Хүүхэдтэй хэрцгий харьцах

16.

16.11

Хүүхдийг асран хамгаалах үүргээ үл биелүүлэх

17.

17.2

Дээрэмдэх

18.

19.3

Төрийн өндөр албан тушаалтны амь биед халдах

19.

21.12

Эрүүшүүлт тулгах

20.

29.1

Түрэмгий дайныг төлөвлөх, бэлтгэх, өдөөх, дэгдээх

21.

29.8

Террорист үйлдэл хийх

 

2.2. Сангийн эх үүсвэрийн бүрдүүлэлт, зарцуулалтын тайлан, бүртгэл тооцоог шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж буй гүйцэтгэх баримт бичгийг үндэслэн хөтөлж, цахим хуудсаар дамжуулан олон нийтэд нээлттэй тайлагнана.

2.3. Сангийн хөрөнгийг зориулалт бусаар зарцуулахыг хориглох ба нөхөн төлбөр олгоход шаардагдах хөрөнгийг дараа жилийн төсөвт тусгуулна.

Гурав. Сангийн удирдлага, зохион байгуулалт

3.1. Сангийн хөрөнгийн бүрдүүлэлт, зарцуулалтыг хууль зүй, дотоод хэргийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн хариуцан удирдана.

3.2. Сангийн хөрөнгийг бүрдүүлэх, зарцуулах болон хяналт тавьж, тайлагнах үйл ажиллагаанд хууль зүй, дотоод хэргийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын холбогдох нэгж мэргэжил, арга зүйн дэмжлэг үзүүлж, хэрэгжилтийг зохион байгуулж ажиллана.

3.3. Шаардлагатай гэж үзвэл хууль зүй, дотоод хэргийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн сангийн удирдлага, зохион байгуулалтад дэмжлэг үзүүлэх Ажлын хэсэг байгуулан ажиллуулж болно.

Дөрөв. Нөхөн төлбөр олгуулах хүсэлт гаргах

4.1. Нөхөн төлбөр хүсэх өргөдлийг хохирогч буюу түүний хууль ёсны төлөөлөгч (цаашид “өргөдөл гаргагч” гэх) нь аймаг, нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, хэлтэст хохирлыг гэм буруутай этгээдээр нөхөн төлүүлэх тухай шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш гаргана.

4.2. Өргөдөлд дор дурдсан баримт бичгийг хавсаргана:

4.2.1. Хохирлыг гэм буруутай этгээдээр нөхөн төлүүлэх тухай шийтгэх тогтоол болон гүйцэтгэх хуудасны хуулбар;

4.2.2. Өргөдөл гаргагчийн иргэний баримт бичгийн хуулбар;

4.2.3. Дансны талаар тодорхойлолт;

4.2.4. Хохирлыг гэм буруутай этгээд буюу түүний хууль ёсны төлөөлөгчөөс барагдуулаагүй, эсхүл дутуу барагдуулсныг нотлох баримт.

Тав. Өргөдлийг хянан шийдвэрлэх

5.1. Аймаг, нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, хэлтэс нь өргөдлийг хүлээн авч, энэ журмын 4.4-т заасан шаардлагыг хангасан эсэх, өргөдөл болон түүнд хавсаргасан баримт бичиг нь үнэн зөв эсэхийг тодруулж, холбогдох баримтын бүрдлийг 30 хоногт ханган, нөхөн төлбөрийг шийдвэрлүүлэх саналыг улирал тутам шаардлагатай тохиолдолд сар бүр хууль зүй, дотоод хэргийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлнэ.

5.2. Хууль зүй, дотоод хэргийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын холбогдох нэгж өргөдлийг хянаж, дараахь шийдвэрийн аль нэгийг гаргана:

5.2.1. Нөхөн төлбөрийг бүрэн эсхүл хэсэгчлэн олгох;

5.2.2. Нөхөн төлбөр олгохоос татгалзах.

5.3. Хууль зүй, дотоод хэргийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын холбогдох нэгж нь нөхөн төлбөрийг өргөдөл гаргагчид хэсэгчлэн олгох тухай шийдвэр гаргасан тохиолдолд үлдэгдэл төлбөрийг дараагийн жилд бүрэн барагдуулах талаар танилцуулгад тусгана.

5.4. Энэ журмын 5.2.1-д заасан шийдвэр гаргаснаас хойш ажлын 5 өдрийн дотор хууль зүй, дотоод хэргийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүнд танилцуулна.

5.5. Хууль зүй, дотоод хэргийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн саналыг хүлээн авснаас хойш ажлын 7 өдрийн дотор Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 23.1-д заасны дагуу нөхөн төлбөр олгох шийдвэр гаргана.

5.6. Нөхөн төлбөрийг энэ журмын 5.5-д заасан шийдвэрийг үндэслэн өргөдөл гаргагчийн харилцах, хадгаламжийн дансанд шилжүүлнэ.

5.7. Өргөдөл гаргагч нь хуурамч бичиг баримт бүрдүүлсэн, эсхүл гэм буруутай этгээд болон түүний хууль ёсны төлөөлөгч хохирлыг бүрэн барагдуулсан бол нөхөн төлбөр олгохоос татгалзаж өргөдөл гаргагчид хариу мэдэгдэнэ.

5.8. Хуурамч бичиг баримт бүрдүүлж, эсхүл худал мэдүүлж энэ журамд заасан нөхөн төлбөрийг авсан гэм буруутай этгээдэд хууль тогтоомжид заасан хариуцлага хүлээлгэж, хохирлыг буцаан төлүүлнэ.

Зургаа. Нөхөн төлбөрийг буцаан төвлөрүүлэх

6.1. Сангаас олгосон нөхөн төлбөрийг шүүхийн шийтгэх тогтоолоор гэм буруутай болох нь тогтоогдсон этгээдээс Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж, нөхөн төлүүлнэ.

6.2. Шийтгэх тогтоолд заасан гэм буруутай этгээд нь хорих ял эдэлж байгаа бол шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу хорих ангийн удирдлага хоригдлыг тэргүүн ээлжинд ажлын байраар хангах арга хэмжээ авч, хөдөлмөрийн хөлс, бусад орлогоос суутгал хийж, нөхөн төлбөрийг Санд төвлөрүүлнэ.

6.3. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 29.1.8, 29.1.9-д заасан үндэслэлээр шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болсонд тооцсон бол нөхөн төлбөрийг Санд төвлөрүүлэхгүй ба буцаан төлүүлэхтэй холбоотой бүртгэлд мэдээллийг тусгана.

6.4. Энэ журмын 2.2, 6.3-т заасан бүртгэлийг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага хөтөлж, хууль зүй, дотоод хэргийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын холбогдох нэгжийг тухай бүр мэдээллээр ханган ажиллах үүрэгтэй.

Долоо. Гомдол гаргах, хянан шийдвэрлэх

7.1. Өргөдөл гаргагч нь нөхөн төлбөр олгох ажиллагаатай холбоотой гомдлоо шүүхэд гаргаж болно.

7.2. Нөхөн төлбөр олгох үйл ажиллагаатай холбоотой маргаан үүссэн тохиолдолд маргааныг хянан шийдвэрлэх хүртэлх хугацаанд тухайн өргөдөл гаргагчтай холбоотой нөхөн төлбөр олгох ажлыг түдгэлзүүлнэ.