“ЭМНЭЛЭГ ХӨДӨЛМӨРИЙН МАГАДЛАХ КОМИССЫН ДҮРЭМ”-ИЙН ТАНИЛЦУУЛГА
Монгол улсын засгийн газраас 2021 оны 3 сарын 17-ны өдрийн 67 дугаар тогтоолын хавсралтаар “Эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын дүрэм”-ийг баталсан.
Энэхүү дүрмээр эмнэлэг хөдөлмөрийн магадлах комисс даатгуулагч (иргэн)-ийн хөдөлмөрийн чадвар алдалтын шалтгаан, хувь хэмжээ, хугацааг тогтоох, сунгах, цуцлах, ажлын цаг богиносгох, хөдөлмөрийн нөхцөлийг солих асуудлыг магадлан шийдвэрлэх, оролцогч талуудын үйл ажиллагаа, эрх, үүргийг тодорхойлох, урамшуулах, мэдээллийн сан бүрдүүлэх, ашиглах, хяналт шалгалт хийх, хариуцлага хүлээлгэхтэй холбоотой харилцааг зохицуулна.
Түүнчлэн дүрмээр төв болон салбар, орон нутгийн комиссын бүрэлдэхүүн, эмчид тавигдах шаардлага, Эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын үйл ажиллагааны төрөл, хэлбэр, дэг, Даатгуулагч (иргэн)-ийн хөдөлмөрийн чадвар алдалтыг шийдвэрлэх үйл ажиллагаа, Хөдөлмөрийн чадвар алдалтыг шийдвэрлэх үйл ажиллагаанд оролцогч талуудын хүлээх нийтлэг эрх, үүрэг, Төв комиссын хэрэгжүүлэх үйл ажиллагаа, Салбар болон орон нутгийн комиссын хэрэгжүүлэх үйл ажиллагаа, Аймаг, дүүргийн Засаг даргын чиг үүрэг, Эрүүл мэндийн байгууллагын чиг үүрэг, урамшуулал, Эмнэлэг хөдөлмөрийн магадлалын мэдээллийн сан, Эмнэлэг хөдөлмөрийн магадлалын үйл ажиллагааны хяналт шалгалт, хариуцлага зэргийг зохицуулсан байна.
Эмнэлэг хөдөлмөрийн магадлах төв комисс Нийгмийн даатгалын төв байгууллагын дэргэд, Эмнэлэг хөдөлмөрийн магадлах орон нутгийн комисс аймаг, дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн дэргэд тус тус ажиллана.
Даатгуулагч (иргэн) нь ердийн өвчин болон ахуйн осол, үйлдвэрлэлийн осол, хурц хордлого, мэргэжлээс шалтгаалсан өвчний улмаас хөдөлмөрийн чадвараа алдсан тохиолдолд 90-180 хоног хүртэлх хугацаатай эмнэлгийн хуудсыг авч, эмчийн хяналтад орж, эмчлүүлэх бөгөөд эмчилгээний үр дүн, өвчний явц, үе шат, хүндрэлийн талаарх баталгаажсан оношилгоо, шинжилгээний үр дүнд үндэслэн хөдөлмөрийн чадвар алдалтын шалтгаан, хувь хэмжээ, хугацааг тогтоолгох хүсэлтийг шийдвэрлүүлнэ.
Иргэний хөдөлмөрийн чадвар алдсан шалтгааныг ердийн өвчин, ахуйн осол болон үйлдвэрлэлийн осол, хурц хордлого, мэргэжлээс шалтгаалсан өвчний улмаас гэж тус тус ангилна. Хөдөлмөрийн чадвар алдалтыг дор дурдсанаар ангилна:
- бүрэн буюу 70 ба түүнээс дээш хувиар алдсан;
- хагас (хэсэгчлэн) буюу 70 хүртэл хувиар алдсан.
Салбар, орон нутгийн комисс даатгуулагч (иргэн)-ийн эмнэлэг хөдөлмөрийн чадвар алдалтын шалтгаан, хувь хэмжээ, хугацааг тогтоох, сунгах, цуцлах, ажлын цагийг богиносгох, хөдөлмөрийн нөхцөл солих хүсэлтийг даатгуулагч (иргэн)-ийн иргэний үнэмлэх, өвчтөний түүх (амбулаторийн карт), холбогдох оношилгоо, шинжилгээ, дүгнэлтийг үндэслэн шийдвэрлэх бөгөөд үйлдвэрлэлийн осолд орсон тохиолдолд үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэсэн акт, эмнэлэг хяналтын комиссын шийдвэрийг үндэслэнэ.
Сум нь орон нутгийн комисстой тохиолдолд даатгуулагч (иргэн)-ийн хөдөлмөрийн чадвар алдалтыг сумын эрүүл мэндийн төвийн эмчлэгч эмч хариуцан шийдвэрлүүлнэ.
Гадаад улсад хорт хавдар, сүрьеэ, эрхтэн шилжүүлэх болон бусад өвчний шалтгаанаар удаан хугацаагаар эмчлүүлж байгаа даатгуулагч (иргэн)-ийн хөдөлмөрийн чадвар алдалтын шалтгаан, хувь хэмжээ, хугацааг шийдвэрлэхдээ үзлэг, оношилгоо, шинжилгээнд хамрагдсан, эмчлүүлж байгаа талаарх тухайн улсын эрүүл мэндийн байгууллагын тодорхойлолт, биеийн эрүүл мэндийн байдлын талаарх дүгнэлтийн эх хувь болон тухайн улсад суугаа Монгол Улсын Элчин сайдын яам, эсхүл консулын газрын тодорхойлолт, иргэний хувийн хүсэлтэд үндэслэн салбар болон орон нутгийн комисс шийдвэрлэнэ.
Эх сурвалж: https://www.legalinfo.mn/annex/details/11821?lawid=16302