БАНКНААС ЦАХИМ ХЭЛБЭРЭЭР ЗЭЭЛИЙН ГЭРЭЭНД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТҮР ЖУРМЫН ТАНИЛЦУУЛГА
Монголбанкны Ерөнхийлөгчийн 2021 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн А-100 дугаар Тушаалаар “Банкнаас цахим хэлбэрээр зээлийн гэрээнд өөрчлөлт оруулах түр журам”-ыг баталсан юм.
Журмын зохицуулалтыг дэлгэрэнгүй байдлаар танилцуулбал:
БАНКНААС ЦАХИМ ХЭЛБЭРЭЭР ЗЭЭЛИЙН ГЭРЭЭНД
ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТҮР ЖУРАМ
НЭГ. НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ
1.1.Төв банк (Монголбанк)-ны тухай хуулийн 28 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 2 дахь заалт, Иргэний хуулийн 421 дүгээр зүйл, 196 дугаар зүйл, Коронавируст халдвар /Ковид-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.8, 10.9, 10.10 дахь хэсэг, Засгийн газрын 2020 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 183 дугаар тогтоолоор батлагдсан “Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэнтэй холбогдуулан эдийн засгийг дэмжих чиглэлээр авах зарим арга хэмжээ”-ний 7 дахь заалт, Улсын Их Хурлын 2020 оны 4 дүгээр сарын 29-ны өдрийн 32 дугаар тогтоолоор батлагдсан “Коронавируст халдвар /Ковид-19/-ын цар тахлын үед санхүү, эдийн засгийн тогтвортой байдлыг хангах, эрсдэлээс урьдчилан сэргийлэх, эдийн засгийг идэвхжүүлэх, төрийн үйлчилгээнд цахим шилжилт хийх чиглэл, хэрэгжүүлэх арга хэмжээ”-ний 6.3-т заасныг тус тус үндэслэн цар тахлын үед төрөөс хэрэгжүүлж байгаа орон сууцны ипотекийн хөнгөлөлттэй хүүтэй зээл, бусад зээл (цаашид “Зээл” гэх)-ийн гэрээнд төлбөрийн үүргийн гүйцэтгэлийг хойшлуулах, хугацааг сунгах нөхцөлөөр цахим хэлбэрээр өөрчлөлт оруулахад банк зээлдэгчийн саналыг хүлээн авах, зээлийн гэрээнд өөрчлөлтийг тусгаж гэрээ байгуулах, зээлдэгчид мэдэгдэх харилцааг зохицуулахад энэ журмын зорилго оршино.
1.2.Энэ журмыг Коронавируст халдвар /Ковид-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн үйлчлэх хугацаанд дагаж мөрдөнө.
ХОЁР. ЗЭЭЛИЙН ГЭРЭЭНД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ САНАЛ ХҮЛЭЭН АВАХ
2.1.Банк нь зээлдэгч зээлийн үндсэн болон хүүгийн төлбөрийн үүргийн гүйцэтгэлийг хойшлуулах, зээлийн гэрээний хугацааг сунгах саналыг дараах хэрэгслээр хүлээн авна.
2.1.1. |
Банкны цахим хуудас; |
2.1.2. |
Банкны цахим шуудан; |
2.1.3. |
Банкны харилцах утас; |
2.1.4. |
Үүрэн утасны программ хангамж; |
2.1.5. |
Банкнаас харилцагчтай тогтмол харилцахад ашигладаг бусад. |
2.2.Зээлдэгчийн саналд дараах зүйлийг тусгасан байна:
2.2.1. |
Зээлдэгчийн нэр, регистрийн дугаар, оршин суух хаяг, холбогдох утасны дугаар, |
2.2.2. |
Зээл авсан огноо, зээлийн дүн, зээлийн гэрээний дугаар, зээлийн дансны дугаар зэрэг зээлийн нөхцөлийн талаархи мэдээлэл; |
2.2.3. |
Зээлийн төлбөрийн үүргийн гүйцэтгэлийг хойшлуулах хугацаа; |
2.2.4. |
Зээл нь барьцаа, батлан даалт, баталгаатай бол барьцаалуулагч, батлан даагч, баталгаа гаргагчаас зээлийн гэрээг өөрчлөхийг зөвшөөрсөн тухай баталгаа; |
2.2.5. |
Зээлийн үүргийн гүйцэтгэлийг хойшлуулах хүсэлт гаргахаас өмнө хуримтлагдсан хуваарьт төлбөрийн үлдэгдэлтэй бол уг төлбөрийг төлөх эсхүл гэрээний төлбөрийн хуваарийн өөрчлөлтөд тусгаж хойшлуулах эсэх санал. |
2.3.Банк нь энэ журмын 2.1-т заасны дагуу зээлдэгчийн саналыг хүлээж авснаас хойш ажлын 3 өдрийн дотор саналыг хүлээн авч бүртгэсэн талаар баталгаажуулж зээлдэгчид банкны салбар, тооцооны төвийн үйлчилгээ, эсхүл энэ журмын 2.1-т заасан арга хэрэгслийг ашиглан мэдэгдэнэ.
2.4.Банк зээлдэгчийн саналыг хүлээн авсны дараа ажлын 15 өдөрт багтаан зээлийн гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах саналыг зээлдэгчийн бүртгэлтэй цахим шуудан, эсхүл банкны цахим үйлчилгээнд ашигладаг техник хэрэгсэл, цахим хуудас, программ хангамжийг ашиглан танилцуулна.
2.5.Банкнаас зээлдэгчийн банканд гаргасан саналыг үндэслэн боловсруулах төрөөс хэрэгжүүлж байгаа орон сууцны ипотекийн хөнгөлөлттэй хүүтэй зээлийн төлбөрийн үүргийн гүйцэтгэлийг хойшлуулах гэрээний төсөл нь зээлийн үндсэн болон хүүгийн төлбөрийн хэмжээг нэмэгдүүлэхгүй, 2021 оны 6 дугаар сарын 30-ны өдрөөс хэтрүүлэхгүйгээр гэрээний хугацааг сунгах нөхцөлтэй байна.
2.6.Энэ журмын 2.5-д зааснаас бусад зээлийн төлбөрийн үүргийн гүйцэтгэлийг хойшлуулах гэрээний өөрчлөлтийн төсөл нь Монголбанкны шийдвэртэй нийцүүлэн банкнаас зээлдэгчтэй харилцан тохиролцсон нөхцөлтэй байна.
ГУРАВ. ЗЭЭЛИЙН ГЭРЭЭНД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ, ЗЭЭЛДЭГЧИД МЭДЭГДЭХ
3.1.Зээлдэгч нь банканд бүртгэлтэй баталгаат цахим шуудан, эсхүл үүрэн холбооны утас зэрэг техник хэрэгсэл, банкны цахим программ хангамжаар дамжуулан нууцлалын шаардлага хангасан нууц үг, нууц код, тоон гарын үсэг зэргийг ашиглан банкнаас танилцуулсан зээлийн гэрээний нэмэлт, өөрчлөлтийн саналыг зөвшөөрч байгаагаа баталгаажуулах үйлдэл хийснээр талууд зээлийн гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулсанд тооцно.
3.2.Зээлийн гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулсантай холбоотойгоор хуульд тусгайлан заасан хэлбэрээр байгуулах үүргийн гүйцэтгэлийг хангах аргыг тодорхойлсон гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах шаардлагатай тохиолдолд 2021 оны 6 дугаар сарын 30-ны өдрөөс хойш тухайн гэрээг хуульд заасан хэлбэрээр байгуулах үүргийг талууд хүлээх нөхцөлийг талууд гэрээндээ тусгаж болно.
3.3.Зээлийн гэрээнд нэмэлт, өөрчлөлт орсонтой холбогдуулан барьцааны гэрээнд нэмэлт, өөрчлөлт орох тохиолдолд барьцааны гэрээний өөрчлөлт, барьцаа, барьцаалбарын бүртгэлтэй холбоотой өөрчлөлтийг барьцаалуулагчийн өмнөөс барьцаалагч буюу банк улсын бүртгэлд бүртгүүлж, баталгаажуулах арга хэмжээг авна.
3.4.Энэ журмын 3.1-т зааснаар гэрээг байгуулснаас хойш ажлын 5 өдрийн дотор гэрээний нөхцөлийг банк энэ журмын 2.4-т заасан хэлбэрээр зээлдэгчид мэдэгдэх буюу банкнаас зээлдэгчид үзүүлдэг цахим үйлчилгээний хэрэгсэлд зохих нэмэлт, өөрчлөлтийг тусгасан байна.
3.5.Зээлдэгч энэ журмын 2.1-т зааснаар зээлийн төлбөрийн үүргийн гүйцэтгэлийг хойшлуулах санал гаргаагүй эсхүл банкнаас танилцуулсан зээлийн гэрээний нэмэлт, өөрчлөлтийн саналыг хүлээн зөвшөөрснөө 3.1-т зааснаар илэрхийлээгүй тохиолдолд банк зээлдэгчийн зээлийн төлбөрийн үүргийн гүйцэтгэлийг хойшлуулахгүй.
3.6.Зээлийн гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулахтай холбоотойгоор зээлдэгчээс аливаа зардал гарах бол банк зээлдэгчид гэрээ байгуулахаас өмнө урьдчилан мэдэгдэнэ.
ДӨРӨВ.ХЯНАЛТ, ХАРИУЦЛАГА
4.1.Монголбанк энэ журамд заасны дагуу зээлийн үндсэн болон хүүгийн төлбөрийн үүргийн гүйцэтгэлийг хойшлуулсан байдлыг шалгах зорилгоор шаардлагатай тохиолдолд зээлийн болон барьцааны гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулсантай холбоотой мэдээллийг банкнаас тухай бүр гаргуулан авна.
4.2.Банк өөрийн буруутай үйл ажиллагаанаас шалтгаалж зээлдэгчийн хүсэлтийг шийдвэрлээгүй бол зээлийн гэрээний хугацааг нөхөн сунгах, эсхүл зээлдэгчтэй харилцан тохиролцож шийдвэрлэнэ.
4.3.Банк мэдээллийн технологийн аюулгүй байдлыг бүрэн хангаж, зээлдэгчийн мэдээллийн нууцлалыг хадгалж, зээл, зээлийн хүүгийн хэмжээг үнэн зөв, бодитой тооцно.
4.4.Энэхүү журмыг зөрчсөн этгээдэд холбогдох хууль тогтоомжид заасны дагуу хариуцлага хүлээлгэнэ.