“АЛБАН ХЭРЭГ ХӨТЛӨЛТИЙН НИЙТЛЭГ ЖУРАМ”-ЫН ТАНИЛЦУУЛГА
Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 246 дугаар тогтоолоор “Албан хэрэг хөтлөлтийн нийлэг журам”-ыг шинэчлэн баталсан. Энэ журмыг 2021 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөхөөр зохицуулжээ.
Энэхүү “Албан хэрэг хөтлөлтийн нийтлэг журам”-аар Монгол Улсад үйл ажиллагаа явуулж байгаа байгууллага, хуулийн этгээдийн баримт бичиг зохион бүрдүүлэх, ангилан төрөлжүүлэх, ирсэн баримт бичгийг хүлээн авах, бүртгэх, шийдвэрлэлтэд хяналт тавих, илгээх, албан хэрэг хөтлөлтийн шатанд хадгалах, ашиглах, хөтлөх хэргийн нэрийн жагсаалтын дагуу албан хэрэг бүрдүүлэх, байгууллагын архивт шилжүүлэх үйл ажиллагаатай холбогдох харилцааг зохицуулжээ.
Тухайлбал, Албан хэрэг хөтлөлтийн талаарх удирдлага зохион байгуулалт, байгууллагын удирдлага, ажилтны хүлээх үүрэг, байгууллагын үйл ажиллагааг баримтжуулах, тамга, тэмдэг, хэвлэмэл хуудас, хийлгэх, хэрэглэх, хадгалах, баримт бичгийн эргэлтийн зохион байгуулалт, баримт бичгийн шийдвэрлэлтэд хяналт тавих, албан хэрэг хөтлөлтийн явцад баримт бичигтэй ажиллах ажлын зохион байгуулалт, албан хэрэг хөтлөлтийн үйл ажиллагаанд хориглох зүйлүүдийг нарийвчлан тусгажээ.
Түүнчлэн албан хэрэг хөтлөлтийн үйл ажиллагаанд арга зүйн хувьд нэгдмэл байх, бүртгэл төвлөрсөн байх, хадгалалт, хамгаалалт аюулгүй найдвартай байх зарчмыг баримтлахаар тусгасан байна.
Эх сурвалж: www.parliament.mn/