КОМПАНИЙН ХУВЬЦАА БОРЛУУЛСНЫ ОРЛОГОД НОГДОХ ТАТВАР БОЛОН ЭЦСИЙН ЭЗЭМШИГЧИЙН ЭЗЭМШИЖ БАЙГАА ХУВЬЦАА, ХУВЬ ОРОЛЦОО, САНАЛЫН ЭРХИЙГ БОРЛУУЛАХ, ШИЛЖҮҮЛЭХ ЗАМААР ЭРХ БОРЛУУЛСАН, ШИЛЖҮҮЛСНИЙ ОРЛОГОД НОГДОХ ТАТВАРЫН ТУХАЙ
1) Компанийн хувьцаа борлуулсны орлогод ногдох татварын тухайд
Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 5.1-д “Тухайн татварын жилд албан татвар ногдох орлого олсон, эсхүл энэ хуульд заасны дагуу албан татвар төлөх үүрэг бүхий Монгол Улсын иргэн, гадаадын иргэн, харьяалалгүй хүн албан татвар төлөгч байна” гэж заасны дагуу орлого олсон буюу худалдагч тал албан татвар төлөгч байна.
Компанийн хувьцаа борлуулсны орлого нь Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 10.1.4-т заасан “хувьцаа, үнэт цаас болон санхүүгийн бусад хэрэгсэл борлуулсны орлого” юм.
Татвар ногдуулах орлогыг хувьцаа борлуулсны орлогоос уг хувьцааг худалдан авсан үнэ болон худалдан авахад төлсөн баримтаар нотлогдох бусад зардлыг хассан дүнгээр тодорхойлдог. Өөрөөр хэлбэл, хувьцаа худалдаж буй үнээс анх хувьцааг худалдан авахад төлсөн үнэ болон худалдан авахад төлсөн баримтаар нотлогдох бусад зардлыг хасаж, зөрүүгээр нь татвар ногдуулах орлогыг тодорхойлно. Ийнхүү тодорхойлсон орлогын дүнд Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 21.2.4-т заасны дагуу 10 хувиар тооцож албан татвар ногдуулна.
Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 26.1.1-д заасны дагуу албан татвар төлөгч энэ хуулийн дагуу албан татвар ногдуулах орлогоо өөрөө үнэн зөв тодорхойлж хувьцаа борлуулсны орлогод 10 хувиар тооцон тухай бүр албан татвар ногдуулан, дараа сарын 15-ны өдрийн дотор төсөвт төлнө.
2) Эцсийн эзэмшигчийн эзэмшиж байгаа хувьцаа, хувь оролцоо, саналын эрхийг борлуулах, шилжүүлэх замаар эрх борлуулсан, шилжүүлсний орлогод ногдох татварын тухайд:
Татварын ерөнхий хуулийн 6.1.48-д ““Эцсийн эзэмшигч” гэж ашигт малтмал, газрын тос, цацраг идэвхт ашигт малтмалын тусгай зөвшөөрөл, газар эзэмших, ашиглах эрх эзэмшигч этгээдийн 30 болон түүнээс дээш хувийн хувьцаа, хувь оролцоо, эсхүл саналын эрхийг өөрөө, эсхүл нэг болон түүнээс дээш үргэлжилсэн хэлхээ холбоо бүхий хуулийн этгээдээр төлөөлүүлэн эзэмшдэг, саналын эрхийг төлөөлүүлэн хэрэгжүүлдэг, эсхүл ногдол ашгийг хүлээн авах эрхтэй этгээдийг” ойлгохоор заажээ.
Аж ахуй нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 30.2-т “эцсийн эзэмшигчийн эзэмшиж байгаа хувьцаа, хувь оролцоо, саналын эрхийг борлуулах, шилжүүлэх замаар Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу олгосон газар эзэмших, ашиглах эрх, ашигт малтмал, цацраг идэвхт ашигт малтмал, газрын тосны хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлийг бүрэн буюу хэсэгчлэн борлуулах, шилжүүлэхтэй холбогдон олсон орлогыг тухайн эрх эзэмшигч аж ахуйн нэгжийн “төрийн байгууллагаас олгосон эрх борлуулсан, шилжүүлсний орлого”-д тооцно” гэж заасан байна.
Эрх борлуулсан, шилжүүлсний албан татвар ногдуулах орлогын суурийг тухайн эрх, тусгай зөвшөөрлийн үнэлгээнээс доор дурдсан баримтаар нотлогдох зардлуудыг хасаж тодорхойлдог.
1. Төрийн байгууллагаас эрх олгосон тохиолдолд эрх авахтай холбогдон төрийн байгууллагад төлсөн баримтаар нотлогдох төлбөр, хураамж;
2. Бусдаас худалдаж, шилжүүлж авсан тохиолдолд хэлцлийн дагуу худалдах, шилжүүлэн авахад төлсөн, шилжүүлсэн баримтаар нотлогдох төлбөр.
Ийнхүү тодорхойлохдоо “Газар эзэмших, ашиглах эрхийн үнэлгээ тооцох, татварын ногдлыг тодорхойлох аргачлал”, “Газар эзэмших, ашиглах эрх шилжүүлсний орлогод албан татвар ногдуулах журам”-г тус тус баримтална.
Дээрх байдлаар тодорхойлсон албан татвар ногдуулах орлогын сууриас эцсийн эзэмшигчийн борлуулсан, шилжүүлсэн хувьцаа, хувь оролцоо, саналын эрхээс эрх эзэмшигчийн хувьцаанд хамаарах хэмжээгээр тухайн эрхийн үнэлгээнээс хувь тэнцүүлэн тооцож, албан татвар ногдуулах орлогыг эцэслэн тодорхойлно.
Газар ашиглах, эзэмших эрхийн үнэлгээг Газрын тухай хуулийн 38.6-д “Газар эзэмших эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлсэн бол орлого олсон гэж үзэж, орлогын хэмжээг дуудлага худалдааны анхны үнээс багагүй байхаар тооцно” гэж заасан шалгуурын дагуу тодорхойлдог.
Харин эцсийн эзэмшигчийн эзэмшиж байгаа хувьцаа, хувь оролцоо, саналын эрхийг борлуулах, шилжүүлэх замаар эрх борлуулсан, шилжүүлсний орлогод ногдох татварын орлогод Аж ахуй нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 30.10-т заасны дагуу 10 хувиар албан татвар ногдуулна.
Албан татварыг тухайн эрх эзэмшигч (газар эзэмших эрхтэй этгээд) ногдуулж, 30 хоногийн дотор төсөвт шилжүүлнэ.
Эцэст нь Газрын тухай хуулийн 40.1.7-д “газар эзэмших эрхтэй этгээд нь Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 30.6-д ... заасны дагуу холбогдох татварыг тодорхойлж тайлагнаагүй, үнэлгээ тооцоход шаардагдах мэдээллийг санаатайгаар нуун дарагдуулсан, худал мэдүүлж тайлагнасан бол Аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгоно” хэмээн хуульчилсан байна.
Эх сурвалж: https://www.legalinfo.mn/law/details/14403
https://www.legalinfo.mn/law/details/14407