УЛСЫН АВАРГА СААЛЬЧИН ШАЛГАРУУЛАХ ЖУРАМ

Монгол Улсын Засгийн газрын 2021 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн №05 дугаар тогтоолоор “Улсын аварга саальчин шалгаруулах журам”-ыг шинэчлэн баталсан байна.

Уг журмаар мал аж ахуйн үйлдвэрлэлд тогтвортой, үр бүтээлтэй ажиллаж, төллөсөн малаа саалинд бүрэн хамруулж, өрхийн үйлдвэрлэлээр хамгийн их сүү, сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэж зах зээлд нийлүүлж байгаа саальчны хүн амын хүнсний хангамжийг нэмэгдүүлэхэд оруулсан хувь нэмрийг үнэлж урамшуулахтай холбогдсон харилцааг зохицуулна.

Улсын аварга саальчин шагнал олгох шийдвэрийг хөдөө аж ахуйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын саналыг үндэслэн Засгийн газар гаргана.

Улсын аварга саальчнаар тодорхойлох саальчин дараах шаардлагыг хангасан байна. Үүнд:

  1. 1. Сүүлийн жилүүдэд тухайн малчин оны эхэнд байсан мал нь бодод шилжүүлснээр 100-иас доошгүй байх бөгөөд 100 хээлтэгчээс бойжуулсан төлийн тоо улсын дунджаас илүү байх; 
  2. 2. Тухайн саальчны мал сүрэгт эзлэх хээлтэгч мал бог малд 55, бод малд 40-өөс доошгүй хувь байх;
  3. 3. Төллөсөн бүх хээлтэгчийг саалинд бүрэн хамруулж, нийт саасан сүүний хэмжээ жил дараалан өссөн байх;
  4. 4. Нэг хээлтэгчээс сааж байгаа сүү нь тухайн орон нутагт үржүүлж байгаа үүлдэр, омгийн малын ашиг шимийн дундаж үзүүлэлтээс дээгүүр байх, сүү, цагаан идээгээ зах зээлд борлуулсан байх; 
  5. 5. Мэргэжлийн байгууллагаас ангилалт хийж удам гарваль, ашиг шимийг нь тогтоосон, стандартын шаардлага хангасан малыг үржилд ашигладаг, малаа сумын мал эмнэлэг үржлийн тасгийн бүртгэлд хамруулсан байх;
  6. 6. Ой хээрийн бүсэд хонин толгойд шилжүүлснээр нэг малд 50 кг, өндөр уулын бүсэд 20 кг, тал хээрийн бүсэд 40 кг, говийн бүсэд 5 кг-аас доошгүй өвстэй тэнцэхүйц хадлан, гар тэжээл, өвсөн дарш, хүчит тэжээлийг жил бүр бэлтгэж нөөцөлсөн байх;
  7. 7. Мал саах, саалиа боловсруулах арга ажиллагаагаа зааж сурган шавь саальчинтай болсон байх;
  8. 8. Мал сүргээ эрүүл байлгах, урьдчилан сэргийлэх арга хэмжээнд хамруулсан байх; 
  9. 9.Бэлчээрийн даацад малынхаа тоог тохируулж, сумын бэлчээрийн менежментийн төлөвлөгөөний дагуу хуваарьтай ашиглаж бэлчээр хамгаалах арга хэмжээ авдаг байх;
  10. 10. Үржлийн нэгжээр үржлийн малдаа жил бүр ангилалт хийлгэсэн байх;
  11. 11. Таваарын малын 30-аас доошгүй хувийг жил бүр эдийн засгийн эргэлтэд оруулсан байх;
  12. 12.Өөрийн ашиглаж байгаа бэлчээрт хортон мэрэгч, шавжтай энгийн механик болон микробиологийн аргаар тэмцсэн байх;
  13. 13. Өөрийн эзэмшлийн өвөлжөө, хаваржаа, малын хашаа, саравч, худагтай байх.

 

Аймгийн аварга саальчин болсноос хойш хоёроос доошгүй жил амжилттай ажилласан, дээрх шаардлага хангасан саальчныг тухайн сумын Засаг даргын Тамгын газраас улсын аварга саальчнаар шалгаруулахаар тодорхойлж, багийн иргэдийн Нийтийн Хурлаар хэлэлцүүлсэн шийдвэр, сумын Засаг даргын тодорхойлолтын хамт аймгийн хөдөө аж ахуйн асуудал хариуцсан байгууллагад хүргүүлнэ.

Аймгийн хөдөө аж ахуйн асуудал хариуцсан байгууллага нь сумаас ирүүлсэн улсын аваргад тодорхойлогдсон саальчны холбогдох бичиг баримтыг хянан үзээд аймгийн Засаг даргын зөвлөлийн хурлаар хэлэлцүүлж, хамгийн өндөр үзүүлэлттэй нэг хүртэл саальчны тодорхойлолтыг жил бүрийн 1 дүгээр сарын 5-ны дотор хөдөө аж ахуйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлж улмаар Засгийн газарт оруулж шийдвэрлүүлнэ.

Улсын аварга саальчин тус бүрийг 4 сая төгрөгт багтаан энгэрийн тэмдэг, цолны үнэмлэх, дурсгалын цом, бусад шагналаар шагнана.

Шагналыг билгийн тооллын хаврын тэргүүн сарын шинийн нэгний өдрөөс өмнө гардуулахаар журам заасан байна.

 

Эх сурвалж: Төрийн мэдээлэл 2021.05.12-ны №18