ТӨРИЙН АЛБАНЫ ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙН ТАНИЛЦУУЛГА
Энэхүү хуулийн төслийн зорилго нь төрийн албаны тодорхой албан тушаалд буюу улс төрийн албан тушаалд тавигдах шаардлагыг хуульд тусгах, төрийн баталсан бодлогын хууль зүйн баримт бичгийн хэрэгжилтийг хангахад оршино. Түүнчлэн хуулийн төсөлд тусгасан улс төрийн албан тушаалтанд тавигдах нийтлэг болон тусгай шаардлагыг баталснаар төрийн гүйцэтгэх эрх мэдэл, орон нутгийн удирдлагын мэдлэг, ур чадвар, ёс зүйн хариуцлага нэмэгдэх, төрөөс баримталж буй бодлого хэрэгжих бөгөөд иргэд төрд итгэх итгэлийг нэмэгдүүлэх, төрийн үйлчилгээг үр дүнтэй болгох, шийдвэр гаргалт, хэрэгжилтийг удирдлагаар хангах, хэрэгжүүлэх зэрэг нийгэмд эерэг үр дүн гарна гэж үзсэн байна.
Хуулийн төслийг Хууль тогтоомжийн тухай хуулийн 22 дүгээр зүйлийн 22.1.2 дахь заалтын дагуу өөрчлөлт оруулах хуулийн төслийн хэлбэрээр боловсруулсан бөгөөд Төрийн албаны тухай хуульд дараах нэмэлт, өөрчлөлтийг тусгасан байна. Тухайлбал,
Төрийн улс төрийн албан тушаалд тавих нийтлэг шаардлагын тухайд:
- Төрийн улс төрийн албан тушаалд төрийн албаны тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д заасан хуульд заасан ёс зүйн зөрчил гаргаагүй байх,
- Аливаа гаж зуршилгүй, зан төлөвийн доголдолгүй байх тус тус шаардлагыг тусгажээ.
Харин хуульд өөрөөр заагаагүй бол Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга, дэд сайдын албан тушаалд дараах тусгай шаардлагыг тавихаар тусгасан байна. Үүнд:
- Тухайн салбарын болон албан тушаалын чиг үүрэгт хамаарах мэргэжилтэй, эсхүл тухайн чиглэлээр мэргэшсэн, эрдмийн зэрэг цол хамгаалсан байх;
- Тухайн салбарт 4-өөс доошгүй жил ажилласан туршлагатай байх;
- Төрийн албанд 4-өөс доошгүй жил ажилласан байх;
- Мэргэжлийн ёс зүйгээ ухамсарласан, шударга ёсыг эрхэмлэдэг, хүний эрхийг дээдэлдэг, бусдын нөлөөнд автахгүй, жендэрийн тэгш байдлыг эрхэмлэдэг, бие даасан шийдвэр гаргах, хариуцлага хүлээх чадвартай байх шаардлагуудыг тавьсан байна.
Бүх шатны Засаг дарга болон аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг даргын орлогчийн албан тушаалд хуульд өөрөөр заагаагүй бол дараах тусгай шаардлагыг хангасан иргэнийг томилохоор тус тус зохицуулжээ. Үүнд:
- Тухайн орон нутагтаа сүүлийн 2-оос доошгүй жил оршин суусан байх;
- Хуульд өөрөөр заагаагүй бол төрийн албанд 3-аас доошгүй жил ажилласан байх;
- Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 56 зүйлд заасан шаардлага хангасан байх;
- Шударга ёсыг эрхэмлэдэг, хүний эрхийг дээдэлдэг, бусдын нөлөөнд автахгүй, бие даасан шийдвэр гаргах, хариуцлага хүлээх чадвартай байх.”
Эх сурвалж: http://forum.parliament.mn/projects/11120