ХҮНИЙ ЭРХИЙН ХАМГААЛАГЧИЙН ЭРХ ЗҮЙН БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛИЙН ТАНИЛЦУУЛГА

Хүний эрхийн хамгаалагчийн үйл ажиллагааны баталгаа, хамгаалалтыг хууль тогтоомжоор дэмжих зорилгоор дэлхийн 40 гаруй улс хүний эрхийн хамгаалагчийн эрхийг баталгаажуулсан хууль тогтоомжийг баталсан байдаг. Харин манай улсад хүний эрхийг хамгаалах үйл ажиллагаа явуулсны төлөө амь нас, бие махбодод нь халдах, заналхийлах, дарамт шахалтад өртөх явдал цөөнгүй гарч байгаа ч хүний эрхийн хамгаалагчийг хамгаалах, үйл ажиллагааг нь дэмжих эрх зүйн орчин бүрдээгүй байжээ.

Иймд “хүний эрхийн хамгаалагч”-ийг хуулиар анх удаа тодорхойлон, тэдний эрх зүйн байдлыг бие даасан хуулиар баталгаажуулж, хүний эрхийн хамгаалагчийн аюулгүй байдлыг хангах, зөрчигдсөн эрхийг сэргээн эдлүүлэх тогтолцоог байгуулах үүднээс энэхүү хуулийг 2021 оны 04-р сарын 2-ны өдөр баталжээ.

Хуулийн төслийг боловсруулахдаа Хүний эрхийн төлөө олон улсын байгууллагаас (15НР) гаргасан “Хүний эрхийн хамгаалагчийг хүлээн зөвшөөрөх, хамгаалах тухай” загвар хуульд тулгуурлан Хүний эрхийн Үндэсний Комиссын “Хүний эрхийг хамгаалагчийн эрхийн хэрэгжилт” болон “Үйлдвэрчний эвлэлийн байгууллагад ажиллаж буй хүний эрхийг хамгаалагчийн үйл ажиллагааны баталгаа” судалгаа болон “Хүний эрхийн төлөө олон улсын байгууллага”-аас дэлхийн 40 гаруй улс орнуудын хууль тогтоомжид хийсэн судалгаа, НҮБ-ын тусгай илтгэгчийн зөвлөмж, НҮБ-ын ХЭДКГ-аас хуулийн төсөлд өгсөн санал, 2019 оны 9 дүгээр сарын 4-5-ны өдрүүдэд ХЭҮК, Гадаад харилцааны яам хамтран зохион байгуулсан зөвлөлдөх уулзалтад оролцсон талуудын илэрхийлсэн санал зэрэг холбогдох материалыг ашигласан байна.

Хуулийн төслийн бүтцийн талаар: Хүний эрхийн хамгаалагчийн эрх зүйн байдлын тухай хууль 4 бүлэг 15 зүйлтэй. Энэхүү хууль нь хүний эрхийн хамгаалагчийн эрхийг хүндэтгэх, хамгаалах, хангахад оршино.

Хуулийн нэгдүгээр бүлгийн нэр томъёоны хэсэгт “хүний эрхийн хамгаалагч” гэж хэн болох, “хүний эрхийн хамгаалагчийн эрхийг хүндэтгэх, хамгаалах, хангах”, “хүний эрхийн хамгаалагчийн эрхэд халдах” үйлдлийг тусгайлан тайлбарласан. Мөн “Хуулийн үндсэн зарчим” хэсэгт хүний эрхэм чанарыг хүндэтгэх, ёс зүйтэй байх зарчмыг тусгаснаар аливаа этгээдийн үйл ажиллагаанд удирдлага болгох чиглэлийг хуульчилсан.

Хуулийн хоёрдугаар бүлэгт хүний эрхийн хамгаалагчийн үйл ажиллагаанд зайлшгүй шаардлагатай олон улсын гэрээгээр баталгаажуулсан хүний эрхийг улам өргөжүүлж, тусгайлан баталгаажуулахын зэрэгцээ үйл ажиллагаагаа явуулахдаа хориглох зүйлийг тусгайлан зааж өгсөн болно.

Хуулийн гуравдугаар бүлэгт төр, төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж, хувь хүн байхаас үл хамааран хүний эрхийн хамгаалагчийг хүлээн зөвшөөрөх, хүндэтгэх, тэдний талаар мэдлэг, ойлголтыг түгээх, мөн төрийн тусгайлан хүлээсэн үүргийг зааж, хүний эрхийн хамгаалагчийн эрх зүйн баталгааг тусгасан.

Хуулийн дөрөвдүгээр бүлэгт Үндэсний хэмжээнд хүний эрхийн хамгаалагчийг хамгаалах тогтолцоог хамгийн боломжит бага зардлаар байгуулахын тулд Хүний эрхийн хамгаалагчийг хамгаалах хороог Хүний эрхийн Үндэсний Комиссын дэргэд байгуулахаар хуульд заасан ба гишүүд нь одоо чиг үүргээ гүйцэтгэж байгаа төрийн болон төрийн бус байгууллагын төлөөллөөс бүрдэн ажиллахаар тусгасан. Тус хорооны бүрэлдэхүүнд ажиллах иргэний нийгмийн байгууллагын төлөөлөлд тодорхой шалгуур тавьсан нь иргэний нийгмийг чадавхжуулах, дэмжих зорилготой бөгөөд хамтын шийдвэрээр анх удаа нэр дэвшүүлэх боломжийг бүрдүүлж өгсөн.

Энэхүү хуулийг  2021 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөж эхэлнэ.

 

Эх сурвалж: https://www.legalinfo.mn/law/details/16377?lawid=16377