БАГШЛАХ ЭРХ ОЛГОХ, ХАСАХ ЖУРАМ
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2021 оны 05 дугаар сарын 17-ний өдрийн А/71 дугаартай журам батлах тухай тушаалаар “Багшлах эрх олгох, хасах журам”-ыг шинэчлэн баталсан байна.
Мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагад багшлах хүсэлтэй бакалавр түүнээс дээш зэрэгтэй эсвэл мэргэжлийн өндөр зэрэгтэй, үйлдвэрлэлд ажилласан туршлагатай, иргэнд багшлах эрх олгох, хасахтай холбогдон үүсэх харилцааг энэхүү журмаар зохицуулна.
Сургалтын хөтөлбөр, агуулга
1. Мэргэжлийн болон техникийн боловсролын байгууллагын багшид багшлах эрх олгох сургалт нь боловсролын тодорхой түвшинд багшлах ур чадварыг эзэмшүүлэхэд чиглэсэн, шатлан суралцах агуулгын залгамж холбоо бүхий агуулга, хөтөлбөртэй байна.Тухайн сургалтын хөтөлбөрийг танхимын, танхимын бус /зайн, цахим/ болон хосолсон хэлбэрээр зохион байгуулж болно.
2. Багшлах эрх олгох болон сургах зүйн сургалтын хөтөлбөрт тавих ерөнхий шаардлагыг Мэргэжлийн боловсрол, сургалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага батална.
3. Сургалтын хөтөлбөрийг Мэргэжлийн боловсрол, сургалтын үнэлгээ, мэдээлэл арга зүйн төв боловсруулж, баталгаажуулан, сургалтыг зохион байгуулна.
Багшлах эрх олгох
1. Багшлах эрх олгох болон сургах зүйн сургалтад хамрагдах иргэн доорх шаардлагыг хангасан байна. Үүнд:
- Бакалавр түүнээс дээш боловсролын зэрэгтэй;
- Үйлдвэрлэлийн зохих дадлага, туршлагатай, мэргэжлийн өндөр зэрэгтэй;
2. Сургалтад хамрагдах хүсэлтэй иргэн дараах баримт бичгийг бүрдүүлж, сургалтын байгууллагын удирдлагад хүсэлтээ гаргах ба цахим бүртгэлд бүртгүүлсэн байна. Үүнд:
- Өргөдөл;
- Анкет;
- Журмын 3.1-д заасан шаардлагыг хангасан баримт бичгийн хуулбар;
- 3х4 хэмжээний 2 ширхэг цээж зураг.
3. Шаардлага хангасан багшийн баримт бичгийг Мэргэжлийн боловсрол, сургалтын үнэлгээ, мэдээлэл арга зүйн төвд 01 ба 09 дүгээр сард багтаан хүргүүлнэ. Тус төв нь багшлах эрх олгох болон сургах зүйн сургалтыг дууссанаас хойш ажлын 10 хоногт багтаан шаардлага хангасан багш нарын нэрсийн жагсаалт, тайланг Мэргэжлийн боловсрол, сургалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлнэ.
4.Багшлах эрх олгох болон сургах зүйн сургалтад хамрагдан сургалтын хөтөлбөрийг бүрэн дүүргэж, тэнцсэн мэргэжлийн болон техникийн боловсролын багшид “БАГШЛАХ ЭРХИЙН ҮНЭМЛЭХ” олгоно.
5. Сургах зүйн сургалтын хөтөлбөрийг бүрэн дүүргэж, тэнцсэн мэргэжлийн сургалтын байгууллагын багшид “СУРГАХ ЗҮЙН ГЭРЧИЛГЭЭ” олгоно.
Багшлах эрх хасах, сэргээх
1.Сургалтын байгууллагаас багшлах эрхийг хасуулах тухай саналаа дараах бичиг баримтын хамт бүрдүүлж МБСҮМАЗ төвд хүргүүлнэ:
- Багшлах эрхийн үнэмлэхний эх хувь;
- Багш ёс зүйн дүрмийг зөрчсөн болон багшлах эрх хасах үндэслэлийг нотолсон баримт, тэмдэглэл, гомдол гаргасан этгээдийн өргөдөл;
- Сургалтын байгууллагын багш нарын ёс зүйн зөвлөлийн дүгнэлт;
- Сургалтын байгууллагын албан бичиг
2. Зөрчил гаргасан нь холбогдох дээд байгууллагын дүгнэлтээр батлагдсан бол багшлах эрхийг 1 жилийн хугацаатай хасна.
3. Багшлах эрхээ хасуулсан багшийн эрхийг энэхүү журамд заасан шаардлагыг хангасны дараа сэргээж болно.
4. “Багшлах эрх олгох, хасах” тухай шийдвэрийг Мэргэжлийн боловсрол, сургалтын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн гаргана.
Багшлах эрхийн үнэмлэх нөхөн олгох
Багшлах эрхийн үнэмлэхээ гэмтээсэн, гээж үрэгдүүлсэн тохиолдолд дараах баримт бичгийг үндэслэн нөхөн олгож болно:
- Багшлах эрхийн үнэмлэх нөхөн авах тухай иргэний хүсэлт;
- Бичиг баримтын хуулбар;
- Багшлах эрхийн үнэмлэхийн үндсэн үнийг төлсөн төлбөрийн баримт;3х4-ийн хэмжээтэй 2 хувь цээж зураг;
- Сургалтын байгууллагын тодорхойлолт.
МБСҮМАЗТ нь багшийн мэдээллийн санд үндэслэн багшлах эрхийн үнэмлэх нөхөн олгох үйл ажиллагааг ажлын 21 хоногт багтаан зохион байгуулна.
Бусад
1.Багшлах эрхийн үнэмлэх олгосноос хойш 5 жилийн хугацаанд хүчинтэй байх ба мэдээллийн санд бүртгэлтэй код, дугаартай байна.
2.Багшлах эрхийн үнэмлэхийн хүчинтэй хугацаа дуусахаас 6 сарын өмнө хүсэлтээ гаргаж холбогдох сургалтад хамрагдан хугацааг 5 жилээр сунгуулна.
3. Хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр сунгуулаагүй тохиолдолд багшлах эрхийг тухай бүр хүчингүйд тооцно.
Эх сурвалж: https://www.legalinfo.mn/law/details/16630?lawid=16630