ХАЛДВАР АВСАН ИРГЭНИЙ ХӨДӨЛГӨӨНИЙГ ТОГТООХ ЗОРИЛГООР ИРГЭН, ХУУЛИЙН ЭТГЭЭДЭЭС МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ АВАХ ЖУРАМ

Улсын Ерөнхий прокурор, Тагнуулын Ерөнхий газрын дарга, Цагдаагийн Ерөнхий газрын даргын 2021 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн А/72, А/63, А/151 дугаартай хамтарсан тушаалаар “Халдвар авсан иргэний хөдөлгөөнийг тогтоох зорилгоор иргэн, хуулийн этгээдээс мэдээ, мэдээлэл авах журам”-ыг батлагдсан бөгөөд энэхүү журмыг улсын бүртгэлд бүртгэсэн өдрөөс эхлэн дагаж мөрдөхөөр тусгасан байна.

Нэр томьёоны тодорхойлолт, ойлголт

1.  “Тохиолдол” гэж Коронавируст халдвар /Ковид-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг буруулах тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсгийн 4.1.1 дэх заалтад заасныг;

2. “Халдварын сэжигтэй” гэж Коронавируст халдвар /Ковид-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг буруулах тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсгийн 4.1.8 дахь заалтад заасныг;

3. “Хувь хүний нууц” гэж Хувь хүний нууцын тухай хуулийн 4 дүгээр зүйлд заасныг;

4. “Хөдөлгөөнийг тогтоох” гэж халдварын батлагдсан болон сэжигтэй иргэний явсан байршил, түүний цаг хугацааны давхцал, харилцааны мэдээллийг тогтоохоор эрх бүхий байгууллагаас явуулж буй энэ журамд заасан ажиллагааг;

Баримтлах зарчим

1. Хууль дээдлэх, хүний эрх чөлөөг хамгаалах;

2. Хүний нэр төрийг гутаан доромжлохгүй, хүнлэг бус, хэрцгий хандахгүй байх;

3. Цар тахлын халдвараар өвчилсөн, халдвар авсан байж болзошгүй сэжигтэй болон хавьталд орсон хүний хувийн мэдээллийн нууцлалыг хамгаалах;

4. Цугларсан мэдээллийг нийгмийн эрүүл мэндийг хамгаалахаас бусад зорилгоор ашиглахгүй байх;

5. Цар тахлын халдвараар өвчилсөн, халдвар авсан байж болзошгүй сэжигтэй болон хавьталд орсон хүний нэр төр, алдар хүндийг гутаан доромжлох, тэдэнд сэтгэл санааны дарамт учруулах мэдээ, мэдээлэл тараахыг хориглоно.

Улсын Онцгой комиссоос авч хэрэгжүүлэх арга хэмжээ

Улсын Онцгой Комиссын шуурхай штаб нь цар тахлын халдварын тохиолдол, тэдгээрийн хавьтлыг олж тогтоох үйл ажиллагааг улсын хэмжээнд удирдан зохион байгуулж, эрх бүхий байгууллагаас хүргүүлсэн мэдээ, мэдээллийг нэгтгэн, үйл ажиллагаандаа ашиглана. Мөн Халдварын батлагдсан болон сэжигтэй байж болзошгүй иргэний холбогдох мэдээ, мэдээллийг эрх бүхий байгууллагад харилцаа холбооны хэрэгслээр, цахимаар, эсхүл албан бичгээр даруй хүргүүлнэ.

Эрх бүхий байгууллага, прокуророос авч хэрэгжүүлэх арга хэмжээ

Эрх бүхий байгууллагын алба хаагч нь цар тахлын халдвараар өвчилсөн, халдвар авсан байж болзошгүй сэжигтэй болон хавьталд орсон хүний овог нэр, утасны дугаар, гэрийн болон ажлын хаяг зэрэг мэдээ, мэдээллийг дараах хэлбэрээр гаргуулан авна:

1. Иргэнээс харилцаа холбооны хэрэгслээр, эсхүл биечлэн асууж тэмдэглэнэ.

2. Хуулийн этгээдээс албан бичгээр, эсхүл цахимаар гаргуулна;

Иргэн, хуулийн этгээдээс мэдээ, мэдээлэл авахдаа энэ журмыг танилцуулна.

Насанд хүрээгүй хүн, хараа, сонсгол, хэл ярианы бэрхшээлтэй хүнээс биечлэн мэдээ, мэдээлэл авахад сурган хүмүүжүүлэгч, эсхүл эцэг эх, гэр бүлийн гишүүн, төрөл садангийн хүн, хэлмэрчийг байлцуулна.

Иргэн, хуулийн этгээдээс авсан мэдээ, мэдээллийг нэгтгэн, УОК-ын шуурхай штаб болон Улсын Ерөнхий Прокурорын Газарт тус тус даруй хүргүүлнэ.

Улсын Ерөнхий Прокурорын Газрын Зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих хэлтэс ирүүлсэн нэгдсэн мэдээллийг хүлээн авч, хяналт тавина.

Эрх бүхий байгууллагын алба хаагчаас энэ журмын заасан мэдээ, мэдээллийг авахдаа хүний эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, мэдээ, мэдээллийг бусад зорилгоор ашигласан, тараасан талаар иргэн гомдол, мэдээлэл гаргасан тохиолдолд прокурор материалыг татаж хянана.

Иргэн дараах эрх, үүрэгтэй:

1. Өөрийн овог нэр, утасны дугаар, гэрийн болон ажлын хаяг, явсан маршрут, уулзсан хүний талаарх мэдээллийг даруй үнэн зөв өгөх;

2. Эрх бүхий байгууллагын алба хаагчаас тавьсан хууль ёсны шаардлагыг биелүүлэх, үйл ажиллагаанд нь саад учруулахгүй байх;

3. Өөрийн болон гэр бүлийн гишүүдийн хувийн мэдээллийг хамгаалуулах;

4. Өөрийнх нь нууцыг бусдад задруулсан гэж үзвэл энэ тухай гомдлоо шүүхэд гаргах;

5. Хуульд заасан бусад эрх, үүрэг.

Хуулийн этгээд дараах эрх, үүрэгтэй:

1. Мэдээ, мэдээллийг заагдсан хугацаанд үнэн зөв гаргаж өгөх;

2. Үйл ажиллагаагаа мэдээллийн технологи ашиглан цахимаар явуулах боломжийг бүрдүүлэх;

3. Эрх бүхий байгууллагаас тавьсан хууль ёсны шаардлагыг биелүүлэх, үйл ажиллагаанд нь саад учруулахгүй байх, мэдээлэл солилцох, хамтран ажиллах;

4. Энэ журмыг зөрчсөний улмаас учирсан хохирол, хор уршгийг арилгах үйл ажиллагаанд зарцуулсан зардлыг хариуцах;

5. Хуульд заасан бусад эрх, үүрэг.

Хүлээлгэх хариуцлага

Хүн, хуулийн этгээд нь энэ журмыг зөрчсөн тохиолдолд Эрүүгийн хууль, эсхүл Зөрчлийн тухай хуульд зааснаар хариуцлага тооцох үндэслэл болох тул холбогдох хууль тогтоомжид заасан журмын дагуу шалгаж шийдвэрлэнэ.Энэ журмыг зөрчсөн албан тушаалтны үйлдэл гэмт хэргийн шинжгүй бол Төрийн албаны тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.

Эх сурвалж: https://www.legalinfo.mn/annex/details/11957?lawid=16622