ЭРҮҮЛ МЭНДИЙН ДААТГАЛЫН САНГААС ЗАРДЛЫН ТӨЛБӨРИЙГ НЬ ХАРИУЦАХ ӨРХ, СУМ, ТОСГОНЫ ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВӨӨС ҮЗҮҮЛЭХ ЭРҮҮЛ МЭНДИЙН ТУСЛАМЖ, ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТӨЛБӨРИЙН АРГА
1. Эмнэлгийн тусламж, үйлчилгээний тухай хуулийн 17 дугаар зүйлд заасны дагуу өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төвөөс үзүүлэх эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг дараах төлбөрийн аргаар санхүүжүүлнэ.
1.1 Эмнэлгийн тусламж, үйлчилгээний тухай хуулийн 6.2-т заасан Эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас баталсан өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төвөөс үзүүлэх тусламж, үйлчилгээний жагсаалтад багтсан эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг нэг иргэнээр тооцсон төлбөрийн аргаар улсын төсвийн эх үүсвэрээр эрүүл мэндийн даатгалын сангаар дамжуулан санхүүжүүлнэ.
1.2 Сум, тосгоны эрүүл мэндийн төвөөс үзүүлэх дараах тусламж, үйлчилгээг тохиолдолд суурилсан төлбөрийн аргаар улсын төсвийн эх үүсвэрээр эрүүл мэндийн даатгалын сангаар дамжуулан санхүүжүүлнэ;
1.2.1. Түргэн тусламжийн үйлчилгээ
1.2.2. Яаралтай тусламж, үйлчилгээ
1.2.3. Хэвтүүлэн эмчлэх тусламж, үйлчилгээ
1.3 Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.9-д заасан өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төвөөс үзүүлэх дараах тусламж, үйлчилгээ тохиолдолд суурилсан төлбөрийн аргаар эрүүл мэндийн даатгалын сангаас сонгон шалгаруулалтад тэнцсэн эрүүл мэндийн төвийг санхүүжүүлнэ.
1.3.1. Зарим сэргээн засах тусламж, үйлчилгээ
1.3.2. Оношилгоо, шинжилгээ
1.3.3. Өдрийн эмчилгээ
1.3.4. Гэрээр үзүүлэх тусламж, үйлчилгээ
2. Гамшиг, нийтийг хамарсан халдварт өвчний дэгдэлтийн тусламж, үйлчилгээ, нийгмийн эрүүл мэндийг дэмжих, хамгаалах үйл ажиллагаа, арга хэмжээний зардлыг эдийн засгийн ангиллаар Эрүүл мэндийн тухай хууль, Эмнэлгийн тусламж, үйлчилгээний тухай хууль болон холбогдох хууль, тогтоомжид заасны дагуу тухай бүр нэмэлтээр санхүүжүүлнэ.
3. Сум, тосгоны эрүүл мэндийн төвөөс үзүүлэх тохиолдолд суурилсан төлбөрийн аргаар санхүүжүүлэх тусламж, үйлчилгээний төлбөрийн хэмжээнд сум, тосгоны эрүүл мэндийн төвийн байр ашиглалттай холбоотой тогтмол зардал, урсгал засвар, байрны түрээсийн зардлууд ороогүй бөгөөд энэхүү зардлыг жил бүрийн төсвийн тухай хууль болон түүнийг дагалдан гарсан холбогдох журмын дагуу орон нутгийн төсвөөс эдийн засгийн ангиллаар санхүүжүүлнэ.
4. Өрхийн эрүүл мэндийн төвийн нэг иргэнээр тооцсон төлбөрийн хэмжээнд төвийн байр ашиглалттай холбоотой тогтмол зардал багтсан бөгөөд орон нутгийн төсвөөс өрхийн эрүүл мэндийн төвийн байр ашиглалттай холбоотой тогтмол зардлыг санхүүжүүлж болно.
5. Энэ тогтоолын нэгдүгээр хавсралтаар баталсан төлбөрийн хэмжээг дараах өөрчлөлтийн аль нэг нь бүрдсэн үед зайлшгүй шинэчлэнэ:
5.1. Үндэсний статистикийн хорооноос зарласан жилийн эцсийн инфляцийн сүүлийн хоёр жилийн түвшингүүдийн нийлбэр нь 10 хувиас дээш гарсан үед;
5.2. Төрийн албан хаагчийн цалингийн сүлжээ, хэмжээ өөрчлөгдсөн үед;
5.3. Ам долларын төгрөгтэй харьцах ханш сүүлийн 2 жилийн дотор 20 болон түүнээс дээш хувиар өөрчлөгдсөн үед;
5.4. Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний төлбөрийн тогтолцооны үнэлгээ болон тусламж, үйлчилгээний тоо хэмжээ, чанар, үр дүнд хийсэн судалгаа, үнэлгээгээр эрүүл мэндийн салбарын зардал, үр ашигт нөлөөлөл илэрсэн үед.
Эх сурвалж: https://www.legalinfo.mn/annex/details/11984?lawid=16646