ИРГЭНИЙ ХУУЛЬ ДАХЬ ХӨӨН ХЭЛЭЛЦЭХ ХУГАЦААНЫ ТАЛААР
Иргэн, хуулийн этгээдээс зөрчигдсөн эрхээ хамгаалуулахын тулд шүүх, арбитрт нэхэмжлэл гаргах эрх олгогдсон хуулиар тогтоосон хугацааг хөөн хэлэлцэх хугацаа гэнэ. Маргаантай нөхцөл байдлыг урт удаан хугацаа өнгөрөхөд үнэн бодитоор тогтооход хүндрэлтэй байдаг тул хуульд ийнхүү тухайн шаардлагыг хэдий хугацааны дотор гаргах шаардлагатайг заасан байдаг. Харин Иргэний хуулиас бусад хуульд өөрөөр заагаагүй бол хөөн хэлэлцэх хугацаа эдийн бус хөрөнгөд хамаарахгүй. Үүнд тухайлбал, хуулиар хөөн хэлэлцэх хугацааг тухайлан заагаагүй эрх, шаардлага хамаарна.
Хөөн хэлэлцэх тусгай хугацааг хуульд дараах байдлаар тогтоосон:
1.Гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа 3 жил;
2.Үл хөдлөх эд хөрөнгөтэй холбоотой гэрээний үүрэгт шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа 6 жил;
3.Тогтсон хугацааны туршид гүйцэтгэх үүрэгтэй холбогдон шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа 3 жил;
4.Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулснаас үүсэх үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа 5 жил.
Дээрхээс бусад хуульд тусгайлан зааснаас бусад шаардлагын тухайд хөөн хэлэлцэх ерөнхий хугацаа болох 10 жил үйлчилнэ.
Жишээлбэл, А нь Б-д мөнгө зээлдүүлсэн боловч Б хэлэлцэн тохиролцсон хугацаанд зээлээ буцаан төлөөгүй байна. Энэ тохиолдолд талуудын хооронд зээлийн гэрээ байгуулагдсан гэж үзэх бөгөөд А нь Б-г зээлээ буцаан төлөх ёстой байсан өдрөөс хойш 3 жилийн хугацаанд зээл төлөхийг шаардаж болно гэсэн үг юм.