ВИЗИЙН ТӨВИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА ЭРХЛЭХ ХУУЛИЙН ЭТГЭЭДИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ
Монгол Улсын визийн төв нээх байршилд визийн төв нээн ажиллуулах хүсэлтэй хуулийн этгээдийг энэ талаарх саналаа ирүүлэх тухай зарлалыг тухайн улсад суугаа болон хавсран суугаа Монгол Улсын Дипломат төлөөлөгчийн газрын цахим хуудаст байршуулж, ийнхүү байршуулснаас хойш 30 хоногийн дотор хүсэлтийг хүлээн авна.
Хэрэв дээрх хугацаанд аль нэг хуулийн этгээдээс хүсэлт ирүүлээгүй тохиолдолд гадаад харилцааны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь тухайн улс, эсхүл олон улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй, олон улс, эсхүл тухайн улсдаа энэ төрлийн үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрөлтэй 2-оос доошгүй хуулийн этгээдэд хандан сонгон шалгаруулалтад оролцох саналыг хүргүүлж болох бөгөөд энэ тохиолдолд хүсэлтийг хүлээн авах хугацаа 14 хоногоос илүүгүй байна.
Монгол Улсын визийн төвийн үйл ажиллагааг эрхлэн явуулах хүсэлтэй олон улс, эсхүл тухайн улсдаа энэ төрлийн үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрөлтэй хуулийн этгээд нь хүсэлтээ визийн төв байгуулах улсад суугаа болон хавсран суугаа Монгол Улсын Дипломат төлөөлөгчийн газраар дамжуулан, эсхүл гадаад харилцааны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад шууд гаргаж болох бөгөөд дараахь баримт бичгийг хавсаргана. Үүнд:
1. Визийн төвийн үйл ажиллагаа эрхлэх хүсэлт;
2. Танилцуулга, гадаад улсын визийн төвийн үйл ажиллагааг 3-аас доошгүй жилийн хугацаанд хийж гүйцэтгэж байгаа болон үйл ажиллагаа эрхлэх хугацаандаа ноцтой алдаа гаргаж байгаагүй талаарх, мөн хүний нөөц, техникийн хүчин чадалтай холбоотой холбогдох нотолгоо, албан ёсны зөвшөөрлийн зохих журмын дагуу баталгаажсан хуулбар.
Визийн төв нээн ажиллуулах хүсэлтээ ирүүлсэн хуулийн этгээдүүдээс сонгон шалгаруулж, гэрээ байгуулах үүрэг бүхий 7-оос доошгүй хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсгийг гадаад харилцааны асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний шийдвэрээр байгуулах бөгөөд бүрэлдэхүүнд гадаад харилцааны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, хууль зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, гадаадын иргэний асуудал хариуцсан болон тагнуулын байгууллагын эрх бүхий албан тушаалтныг оролцуулна.
Хүсэлтээ ирүүлсэн хуулийн этгээдүүдээс дараахь шалгуурыг баримтлан 30 хоногийн дотор сонгон шалгаруулж гэрээ байгуулна. Үүнд:
1. Тухайн улсад энэ төрлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөлтэй эсэх;
2. Гадаад улсын визийн төвийн үйл ажиллагаа эрхэлсэн 3-аас доошгүй жилийн туршлагатай байх;
3. Гадаад улсын визийн төвийн үйл ажиллагаа эрхлэх хугацаандаа ноцтой алдаа дутагдал гаргаагүй байх;
4. Визийн төвийн үйлчилгээ үзүүлэхээр санал болгож буй байрны нөхцөл, тохижилт, техникийн шийдэл болон хүний нөөц, үйлчилгээг эхлүүлэх бэлэн байдал;
5. Виз мэдүүлэгчээс авах үйлчилгээний хураамжийн хэмжээ.
Сонгон шалгаруулах ажиллагааг явуулахдаа тухайн визийн төвийн үйл ажиллагааг эрхлэн явуулах хүсэлт ирүүлсэн хуулийн этгээдийн талаар Монгол Улсын холбогдох Дипломат төлөөлөгчийн газрын саналыг авах бөгөөд шаардлагатай тохиолдолд уг хуулийн этгээдийн талаар тухайн улсын эрх бүхий байгууллагаас лавлагаа, тодруулга авч болно.
Ажлын хэсэг нь визийн төв эрхлэн ажиллуулахтай холбоотой энэ журамд заасан шаардлагыг хангасан хуулийн этгээдийн хүсэлтийг хэлэлцэн, ажлын хэсгийн нийт гишүүний олонхын саналаар шийдвэрлэх бөгөөд шаардлага хангаагүй хуулийн этгээдийг сонгон шалгаруулалтад оролцуулахгүй.
Сонгон шалгаруулалтын дүнг гадаад харилцааны асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүнд гадаад харилцааны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын консулын асуудал хариуцсан нэгжийн удирдлагад танилцуулж, холбогдох шийдвэрийг албажуулснаас хойш 7 хоногийн дотор шалгарсан хуулийн этгээдэд бичгээр мэдэгдэж, гэрээ байгуулах ажлыг хариуцан хэрэгжүүлнэ.
Эх сурвалж: https://www.legalinfo.mn/
“Монгол улсын визийн төвийн байршлыг тогтоох,
сонгон шалгаруулах, гэрээ байгуулан ажиллах журам”