ГАЗРЫН ТӨЛБӨР БА ТҮҮНТЭЙ ХОЛБОГДОХ МАРГААНЫГ ХЭРХЭН ШИЙДВЭРЛҮҮЛЭХ ТУХАЙ
Монгол Улсын иргэн, аж ахуйн нэгж, байгууллага газар ашиглаж байгаа гадаад улсын дипломат төлөөлөгчийн болон консулын газар, олон улсын байгууллагын төлөөлөгчийн газар, гадаад улсын хуулийн этгээд, гадаадын иргэн харьяалалгүй хүн нь газар эзэмшүүлэх, ашиглуулах гэрээний дагуу газрын нэгдмэл сангийн ангилалд хамаарах болон тусгай хэрэгцээний газарт төлөх төлбөр нь газрын төлбөрт хамаарна.
Газрын төлбөр нь аймаг, нийслэлийн татварын төсвийн орлогод орох ба тухайн аймаг, нийслэлийн Засаг дарга нь:
- Орон нутаг дахь төсвийн байгууллага, тусгай зориулалтын шилжүүлгээр санхүүжүүлэх хөтөлбөр, арга хэмжээний төсвийн төсөл, гүйцэтгэл, сар улирлын мэдээ, санхүүгийн тайланг нэгтгэн боловсруулах, орон нутгийн төсвийн хөрөнгөөр хэрэгжүүлэх бараа, ажил, үйлчилгээг худалдан авах гэрээг холбогдох хуульд нийцүүлэн батлах зэрэг орон нутгийн төсвийн улирдлага, санхүүжилтийн талаар Төсвийн тухай хуульд заасан бүрэн эрхээ хэрэгжүүлж ажиллах бөгөөд түүний хэрэгжилт, гүйцэтгэлийг Төрийн сангийн нэгдсэн дансаар дамжуулан удирдна.
Газрын төлбөрийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 1.1-д газрын төлбөртэй холбогдсон маргааныг “Төлбөр төлөгч болон газрын асуудал эрхэлсэн албаны хооронд үүссэн маргааныг тухайн албан тушаалтны дээд шатны байгууллага, албан тушаалтан”, 1.2-т “Төлбөр төлөгч болон Засаг даргын хооронд үүссэн маргааныг тухайн засаг даргын дээд шатны байгууллага, албан тушаалтан” нь хянан шийдвэрлэнэ. Мөн Газрын тухай хуулийн 60 дугаар зүйлийн 1.1-д “Газар эзэмших, ашиглах талаар иргэн, аж ахуйн нэгж, байгууллага болон Засаг даргын хооронд үүссэн маргааныг тухайн Засаг даргын дээд шатны Засаг дарга” нь газартай холбогдон үүссэн маргааныг хянан шийдвэрлэнэ гэж заасан байдаг ба энэ нь газартай холбоотой үүссэн маргаан буюу төлбөр төлөгчид газрын төлбөртэй холбогдсон ямар нэгэн маргаан бий болсон бол тухайн маргааныг харьяа аймаг, нийслэл, сум дүүргийн Засаг даргад хандаж шийдвэрлүүлнэ гэсэн үг юм.
Хэрэв төлбөр төлөгч нь газрын төлбөртэй холбоотой маргааны талаар тухайн шатны шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй байх тохиолдолд Газрын төлбөрийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2, Газрын тухай хуулийн 60 дугаар зүйлийн 1.3-т заасны дагуу маргаанаа дээд шатны албан тушаалтан, байгууллага эсвэл шүүхэд хандан шийдвэрлүүлэх боломжтой юм.