ИРГЭНИЙ ШИЙДВЭР ГҮЙЦЭТГЭХ АЖИЛЛАГААНЫ ЗАРДАЛ
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хэрэгжүүлэхтэй холбогдон зайлшгүй гарах зардлыг иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны зардал гэх бөгөөд дараахь зардал шийдвэр гүйцэтгэх ажиллагааны зардалд хамаарна.
- Төлбөр төлөгчийн эд хөрөнгийг битүүмжлэх, барьцаалах, хураах, хадгалах, тээвэрлэх, шилжүүлэх, худалдан борлуулахад зарцуулсан зардал;
- Төлбөр төлөгч, түүний нуусан эд хөрөнгийг эрэн сурвалжлах, олж илрүүлэхэд зарцуулсан зардал;
- Иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хэрэгжүүлэхэд тогтоосон журмын дагуу оролцсон иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талуудаас бусад оролцогч нарын ажлын хөлс;
- Илгээмж, шуудан, холбоо, хөрөнгийг төлбөр авагчид шилжүүлэхтэй холбогдон гарсан зардал;
- Иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад гүйцэтгэсэн бусад ажиллагааны зардал.
Шийдвэр гүйцэтгэгч иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны зардлыг төлбөр авагчаас гаргуулж, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын дансанд төвлөрүүлэх ба шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон тохиолдолд зардлыг төлбөр төлөгчөөс нөхөн гаргуулж, улсын төсөв, төлбөр авагч болон бусад оролцогчид олгодог бөгөөд зардлыг нөхөн төлүүлэх шийдвэрийг ахлах шийдвэр гүйцэтгэгч шийдвэр гүйцэтгэгчийн саналыг үндэслэн гаргана.
Харин төлбөрийн шаардлагыг хэсэгчлэн хангасан эсхүл гүйцэтгэх баримт бичигт зааснаар хэд хэдэн төлбөр авагч, төлбөр төлөгч байгаа бол шийдвэр гүйцэтгэх ажиллагааны зардлыг тэр хэмжээгээр талууд буюу төлбөр төлөгч, төлбөр авагч хуваан гаргуулна.
Иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны дор дурдсан зардлыг улсын төсвөөс гаргана.
- Тэжээн тэтгэх үүрэгтэй холбоотой гүйцэтгэх баримт бичгийн шаардлагыг гүйцэтгэх, гэмт хэргийн улмаас бусдын амь нас, эрүүл мэндэд учирсан хохирлыг нөхөн төлүүлэхтэй холбоотой зардал;
- Төлбөрийн чадваргүй төлбөр авагчид холбогдох зардал;
- Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг гүйцэтгэх баримт бичиг, эсхүл түүний үндэслэл болсон шийдвэрийг хүчингүй болсонд тооцох тухай шүүх, бусад байгууллага, албан тушаалтны шийдвэр гарсан үндсэлэлээр дуусгавар болгосон тохиолдолд холбогдох зардал.
Иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны зардлын талаархи мэдээлэл нь тухайн ажиллагааг үүсгэсэн бүхий л хугацаанд төлбөр авагч, төлбөр төлөгчид нээлттэй