ШИНЭЧИЛСЭН “ЗӨВЛӨХӨӨС БУСАД ҮЙЛЧИЛГЭЭ АВАХ ТЕНДЕРИЙН ЖИШИГ БАРИМТ БИЧИГ”-ИЙН ТУХАЙ
Монгол Улсын Сангийн сайдын 2021 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн 146 тоот тушаалаар “Зөвлөхөөс бусад үйлчилгээ авах тендерийн жишиг баримт бичиг”-ийг шинэчлэн баталжээ.
Энэхүү жишиг баримт бичгийг захиалагч байгууллагын 2022 оны батлагдсан төлөвлөгөөний дагуу зөвлөхөөс бусад үйлчилгээ худалдан авах ажиллагаа зохион байгуулахад дагаж мөрдөнө.
Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн дагуу харьцуулалтын аргаар худалдан авч болох төсөвт өртгөөс дээш зөвлөхөөс бусад үйлчилгээ худалдан авах тендер шалгаруулалт зохион байгуулахад энэ жишиг баримт бичгийг баримтална.
Энэхүү тендерийн жишиг баримт бичгийн дагуу гэрээ шууд байгуулах аргаар тендер шалгаруулалт зохион байгуулж, хамгийн сайн үнэлэгдсэн тендер ирүүлсэн оролцогчтой Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 34.2-т заасны дагуу хэлэлцээ хийж, гэрээ байгуулах эрх олгодог.
Тендерийн жишиг баримт бичгийн санамж болон бүлэг, зүйлийн оноосон нэр нь зөвхөн уг баримт бичгийг ойлгоход хялбар болгох зорилготой байна. Тухайлбал:
I БҮЛЭГ. ТЕНДЕР ШАЛГАРУУЛАЛТЫН ЗААВАРЧИЛГАА (ТШЗ) Нэгдүгээр бүлэгт заасан тендер шалгаруулалтын зааварчилгаанд өөрчлөлт оруулахгүйгээр хэрэглэнэ.
II БҮЛЭГ. ТЕНДЕРИЙН ӨГӨГДЛИЙН ХҮСНЭГТ (ТӨХ) Захиалагч нь тендерт оролцогч болон тендерт тавих шалгуур үзүүлэлт, мэдээллийг хоёрдугаар бүлэг дэх тендерийн өгөгдлийн хүснэгтэд тусгана. Тендер шалгаруулалтын зааварчилгааны холбогдох зүйл, заалттай уялдуулан хаалт дотор налуугаар бичсэн зааварт нийцүүлэн тохирох мэдээллийг тусгаж тендерийн өгөгдлийн хүснэгтийг боловсруулна.
III БҮЛЭГ. ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТОДОРХОЙЛОЛТ, ТАВИГДАХ ШААРДЛАГА Захиалагч худалдан авах зөвлөхөөс бусад үйлчилгээний зорилго, хүрэх үр дүн, үйл ажиллагаа, үйл ажиллагааны хуваарь, гүйцэтгэлийн чанар шаардлагатай бусад мэдээллийг энэ бүлэгт тусгана.
IV БҮЛЭГ. ТЕНДЕРИЙН ҮНЭЛГЭЭНД ХАРГАЛЗАХ НЭМЭЛТ ШАЛГУУР ҮЗҮҮЛЭЛТҮҮД Энэ бүлэгт тендерийг үнэлэхэд харгалзах бусад шалгуур үзүүлэлтийг тусгана.
V БҮЛЭГ. ТЕНДЕРИЙН ЖИШИГ МАЯГТУУД Тавдугаар бүлэгт тендерт оролцогч тендер бэлтгэхэд шаардлагатай жишиг маягтууд багтана. Тендерт оролцогч нь тендерийн баримт бичигт заасан шаардлага, шалгуур үзүүлэлтэд үндэслэн жишиг маягтуудын хаалт дотор налуугаар бичсэн зааварт нийцүүлэн тохирох мэдээллийг бүрэн, үнэн зөв бөглөж ирүүлнэ.
VI БҮЛЭГ. ГЭРЭЭНИЙ НӨХЦӨЛ Зургаадугаар бүлэгт заасан гэрээний нөхцөл нь гэрээний ерөнхий нөхцөл, гэрээний тусгай нөхцөл, гэрээ баталгаажуулах маягт, гэрээний хавсралт маягтаас бүрдэнэ. Гэрээний ерөнхий нөхцөлд өөрчлөлт оруулахгүйгээр хэрэглэх ба өөрчлөлт оруулах шаардлагатай бол гэрээний тусгай нөхцөлд өөрчлөлтийг тусгана. Захиалагч гэрээ байгуулах эрх олгосон оролцогч болон түүний ирүүлсэн тендерийн мэдээллийг гэрээ баталгаажуулах маягтад тусгаж, гэрээ байгуулна.
Эх сурвалж: https://www.legalinfo.mn