МОНГОЛ УЛСЫН ХӨГЖЛИЙН БАНКНЫ ТУХАЙ

Монгол Улсын Их Хурал 2017 оны 2 дугаар сарын 10-ны өдөр “Монгол Улсын Хөгжлийн банкны тухай хууль”-ийг шинэчлэн баталсан ба тус хуульд зааснаар тус банк нь үндэсний эдийн засгийн тогтвортой өсөлтийг хангах тэргүүлэх салбаруудад хэрэгжих төсөл, хөтөлбөрийг санхүүжүүлэх, импортыг орлох, экспортын орлогыг нэмэгдүүлэх үйлдвэрлэл, үйлчилгээг хөгжүүлэхэд шаардлагатай хөрөнгийн эх үүсвэрийг бүрдүүлэх зорилготой, ашгийн төлөө төрийн өмчит хуулийн этгээд байна.

Хөгжлийн банк дараах үйл ажиллагааг эрхэлдэг

- Төсөл, хөтөлбөр санхүүжүүлэх;

- Төлбөр тооцоо хийх;

- Баталгаа, батлан даалт гаргах;

- Үнэт цаас гаргах, санхүүгийн хэрэгсэл худалдах, худалдан авах, хадгалуулах;

- Зээл авах;

- Гадаад валют худалдах, худалдан авах, хадгалуулах;

- Компанийн хувьцаа эзэмших, хөрөнгө оруулалтын санд хөрөнгө оруулалт хийх;

- Төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх зорилгоор зөвлөх үйлчилгээ үзүүлэх;

- Экспорт, импортын санхүүжилт хийх;

- Төлбөрийн чадварыг сайжруулах, ашигт ажиллагааг нэмэгдүүлэх зорилгоор богино, дунд хугацаатай санхүүгийн эх үүсвэр татан төвлөрүүлэх.   

Хөгжлийн банкны зээл, баталгаа, зээлтэй адилтгах актив хөрөнгийн нийт дүн нь өөрийн хөрөнгийг 30 дахин нэмэгдүүлснээс хэтрэхгүй бөгөөд түүний хэмжээг Монголбанк тогтоодог. Мөн Монголбанк нь том зээлдэгчийг тодорхойлох, түүнд олгох зээлийн дээд хэмжээ болон нийт хэмжээг тогтоох, тайлагнах журмыг батална. Нэг зээлдэгч болон түүнд холбогдох этгээдэд олгох зээлийн нийт хэмжээ нь Хөгжлийн банкны өөрийн хөрөнгийг 8 дахин нэмэгдүүлсэн хэмжээнээс хэтрэхгүй байх хязгаарлалттай.

Хөгжлийн банкнаас санхүүжүүлэх төсөл, хөтөлбөр нь дараах шаардлагыг хангасан байна:  -Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал, дунд хугацааны хөгжлийн бодлогод нийцсэн байх;

- Эдийн засгийн болон санхүүгийн үр ашигтай, зээлийг эргэн төлөх чадвартай байх;

- Техник, эдийн засгийн үндэслэл, зураг төсөл, төсөв хийгдсэн байх;

- Эдийн засгийн өсөлт, экспортыг дэмжих, импортыг орлох, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд чиглэсэн байх;

- Төслийн эрсдэлийн үнэлгээ, санхүүжилт авах үндэслэл, эдийн засаг, байгаль орчин, нийгмийн үр нөлөөг мэргэжлийн шинжилгээ, үнэлгээний аргачлал, шалгуурын дагуу тооцсон байх;

- Компанийн хувьцаа эзэмших, хөрөнгө оруулалтын санд хөрөнгө оруулалт хийхээс бусад санхүүжилт нь Засгийн газрын өрийн баталгаа, барьцаа, баталгаа зэрэг үүргийн гүйцэтгэлийг хангах арга хэрэгслээр хангагдсан байх.