ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ХҮН, АХМАД НАСТАНД ТУСЛАМЖ, ҮЙЛЧИЛГЭЭ ҮЗҮҮЛЖ БАЙГАА ТӨРИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ЗАРИМ АЛБАН ХААГЧИД ХӨДӨЛМӨРИЙН НӨХЦӨЛИЙН НЭМЭГДЭЛ ОЛГОХ ЖУРМЫН ТАНИЛЦУУЛГА

2021 оны 5 сарын 12-ны өдрийн 140 дугаар Засгийн газрын тогтоолоор “Хөгжлийн бэрхшээлтэй хүн, ахмад настанд тусламж, үйлчилгээ үзүүлж байгаа төрийн үйлчилгээний зарим албан хаагчид хөдөлмөрийн нөхцөлийн нэмэгдэл олгох журам”-ыг Засгийн газрын 2018 оны 12 сарын 19-ний өдрийн 382 дугаар тогтоолын 8 дугаар хавсралт болгон баталсан байна. Тус журмаар хөгжлийн бэрхшээлтэй хүнд сэргээн засах, хамт олонд түшиглэн хамруулан хөгжүүлэх тусламж, үйлчилгээ, ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэнд асрамжийн үйлчилгээ үзүүлж байгаа төрийн үйлчилгээний зөрим албан хаагчид хөдөлмөрийн нөхцөлийн нэмэгдэл олгохтой холбогдсон харилцааг зохицуулна.

Хөгжлийн бэрхшээлтэй хүнд сэргээн засах тусламж, үйлчилгээ үзүүлж байгаа эмч, сувилагч, туслах сувилагч, асрагч, хөдөлгөөн засалч, хөдөлмөр засалч, хэл засалч, сэтгэл судлаачид тухайн ажил, албан тушаал эрхлэх хугацаанд нь албан тушаалын сарын үндсэн цалингийн 20 хувьтай тэнцэх хэмжээний нэмэгдлийг сар бүр олгоно.

Мөн хөгжлийн бэрхшээлтэй хүнд хамт олонд түшиглэн хамруулан хөгжүүлэх үйлчилгээ үзүүлж байгаа арга зүйч, багш, туслах багш, туслах багш, нийгмийн ажилтанд тухайн ажил, албан тушаал эрхлэх хугацаанд нь албан тушаалын сарын үндсэн цалингийн 20 хувьтай тэнцэх хэмжээний нэмэгдлийг сар бүр олгоно. Түүнчлэн ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэний төрөлжсөн асрамжийн газарт ажиллаж байгаа асрагчид тухайн ажил, албан тушаал эрхлэх хугацаанд нь албан тушаалын сарын үндсэн цалингийн 20 хувьтай тэнцэх хэмжээний нэмэгдлийг сар бүр олгоно. Хөдөлмөрийн нөхцөлийн нэмэгдлийг тухайн байгууллага жил бүрийнхээ төсөвт тусгаж болно.

 

Эх сурвалж: Төрийн мэдээлэл сэтгүүл 2021 оны 11 сарын 12-ны өдрийн №42 /1192/ дугаар