АЖИЛЛАХ ХҮЧНИЙ ШИЛЖИЛТ ХӨДӨЛГӨӨНИЙ ТУХАЙ ХУУЛИЙН ШИНЭЧИЛСЭН НАЙРУУЛГЫН ТӨСЛИЙН ЭЦСИЙН ХЭЛЭЛЦҮҮЛГИЙГ ХИЙВ

Улсын Их Хурлын Нийгмийн бодлогын байнгын хорооны 2021.12.01-ны өдрийн хуралдаанаар Монгол Улсын Засгийн газраас 2020.04.07-ны өдөр өргөн мэдүүлсэн “Ажиллах хүчний шилжилт хөдөлгөөний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл” болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийжээ. 

Төслийн 6 дугаар зүйлийн 6.3-д Монгол Улсын иргэнийг гадаадад хөдөлмөр эрхлэхэд зуучлах үйлчилгээ үзүүлэх журмыг Засгийн газрын гишүүн баталдаг байхаар, төслийн 7 дугаар зүйлийг 8 дугаар зүйл болгож Тусгай зөвшөөрөл авахад бүрдүүлэх баримт бичигт “хуулийн этгээд зөрчлийн хууль зөрчсөн эсэх тодорхойлолт” гэж томьёолсон байсныг илүү тодорхой болгож Ажиллах хүчний шилжилт хөдөлгөөний тухай хууль зөрчих” гэсэн Зөрчлийн тухай хуулийн 10.13 дугаар зүйлд заасан зөрчил гэж тодотгожээ.

Мөн дотоодын хөдөлмөрийн зах зээлийн эрэлт, нийлүүлэлтийг харгалзан Засгийн газраас зарим салбарт зуучлах үйл ажиллагаанд хязгаарлалт тогтоож болохоор, хилийн чанадад Монгол Улсын иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг олон улсын эрх зүйн дагуу дипломат аргаар хамгаалах гэж Дипломат албаны тухай хуульд заасан байгаа учир энэ хуульд зөвхөн хөдөлмөрийн атташегийн тусгай орон тоо бүхий Монгол Улсын Дипломат төлөөлөгчийн газарт хөдөлмөрийн гэрээгээр явсан монгол иргэдийн хөдөлмөрлөх эрхийг хангах чиглэлийг тусгасан байна.

Ажлын байрны ангиллыг илүү оновчтой тодорхойлж, “Монгол улсын олон улсын гэрээний дагуу ажиллах...” гэснийг “олон улсын болон гадаад улсын төрийн бус байгууллагын салбар, төлөөлөгчийн газрын удирдах ажилтан, ажилтан, сайн дурын ажилтан” болгон томьёолжээ. Ингэснээр НҮБ болон түүний салбар байгууллагууд хамаарагдахгүй бөгөөд зөвхөн Гадаадын иргэн харьяатын газар бүртгүүлж зөвшөөрлөө аван ажиллаж байгаа 80 гаруй гадаад улсын ТББ хамаарахаар байна.

Ажлын байрны төлбөрөөс хөнгөлж, чөлөөхдөө гадаадын хөрөнгө оруулалттай компанийн ерөнхий захирал, гүйцэтгэх захирал, гадаадын хөрөнгө оруулагч, гадаадын хөрөнгө оруулагчийн төлөөлөгч, олон улсын болон гадаад улсын төрийн бус байгууллагын салбар, төлөөлөгчийн газрын удирдах ажилтан, ажилтан, сайн дурын ажилтан, гамшгийн үед шаардлагатай тохиолдолд авах гадаад ажилтан, боловсрол, шинжлэх ухаан, эрүүл мэнд, соёл, спортын байгууллагад  гэрээгээр ажиллах эмч, эрдэм шинжилгээний ажилтан, мэргэжлийн багш, дасгалжуулагч авч ажиллуулах ажил олгогчийг ажлын байрны төлбөрөөс чөлөөлөхөөр зохицуулжээ.

Түүнчлэн Засгийн газрын шугамаар авсан гадаадын хөнгөлөлттэй зээл, буцалтгүй тусламжийн хүрээнд төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх болон стратегийн ач холбогдол бүхий дэд бүтэц, үйлдвэрлэлийн бүтээн байгуулалтад гадаад ажилтан ажиллуулах тохиолдолд Засгийн газар ажлын байрны төлбөрөөс хөнгөлж, чөлөөлж болохоор хуулийн төсөлд тусгасан байна.

Байнгын хорооны хуралдаанаар хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлэг хийгдсэн талаарх санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар шийдвэрлэсэн байна.

Эх сурвалж: http://parliament.mn/n/taaon