ТӨЛБӨР ТООЦООГ ҮНДЭСНИЙ МӨНГӨН ТЭМДЭГТЭЭР ГҮЙЦЭТГЭХ ТУХАЙ

     Монгол Улсын Их хурлаас 2009 оны 07 дугаар сарын 09-ний өдөр Төлбөр тооцоог үндэсний мөнгөн тэмдэгтээр гүйцэтгэх тухай хуулийг баталсан.Тус хуульд Монгол Улсын нутаг дэвсгэрт бараа, ажил, үйлчилгээний үнийг үндэсний мөнгөн тэмдэгт төгрөгөөр илэрхийлж, төлбөр тооцоог гүйцэтгэхээр заасан. “Үндэсний мөнгөн тэмдэгт” гэж Монгол Банкнаас гүйлгээнд гаргасан төлбөрийн хууль ёсны хэрэгсэл болох төгрөгийг хэлэх бөгөөд  төгрөгийг англи хэл дээр “Togrog”, товчлолыг “MNT” гэж бичнэ.

     Мөн хуулиар Банк, банк бус санхүүгийн байгууллагын мөнгөн хадгаламж, зээл, тэдгээртэй адилтгах аливаа үйлчилгээ, санхүүгийн үүсмэл хэрэгслэлтэй холбоотой байгуулах гэрээ, түүгээр хүлээх үүргийг гадаад валютаар илэрхийлж, гүйцэтгэлийг гадаад валютаар хангуулахаас бусад тохиолдолд Монголбанкны албан ёсны зөвшөөрөлгүйгээр гадаад валют, тооцооны нэгжээр үнэ тогтоох, төлбөр тооцоо гүйцэтгэх, зарлан сурталчлахыг хориглосон байна.

     Дээрх зохицуулалтын хэрэгжилтэд Монголбанк, Санхүүгийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, Санхүүгийн зохицуулах хороо хяналт тавин ажилладаг бөгөөд тус хуульд зааснаар үндэсний мөнгөн тэмдэгтийн хэрэглээний талаар зөрчил гаргавал Эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол “зөрчлийг арилгуулах талаар шаардлага тавьж тухайн үйл ажиллагаанаас бий болсон орлогыг улсын орлого болгох” бөгөөд зөрчлийг арилгаагүй тохиолдолд “Зөрчлийг арилгуулгах хүртлэх хугацаанд хуулийн этгээдийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 50-100 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох буюу үйл ажиллагаа эрхлэх эрхийг хүчингүй болгуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргах” хүртэл захиргааны шийтгэл оногдуулдаг байна.