АКТИВ УДИРДЛАГЫН КОМПАНИЙН ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙН ТАНИЛЦУУЛГА
Монгол Улсын банкны системд хуримтлагдсан чанаргүй зээлийн үлдэгдэл өндөр; чанаргүй зээл хэт өссөнөөр банкны зээл олгох боломжийг бууруулах, банкийг хямралд оруулах, банкны үйл ажиллагааг тогтвортой бус байдал үүсгэх, ард иргэд айл өрх, байгууллагын банкнаас хэт хамааралтай байдал бий болгох магадлалтай; Монгол Улсын үл хөдлөх хөрөнгийн зах зээлд хямрал бий болсноор банкнуудын барьцаа хөрөнгийн дийлэнхийг эзлэх үл хөдлөх хөрөнгийн үнэ буурсан төдийгүй банкнууд барьцаа хөрөнгийг шууд захиран зарцуулах эрхгүй, чанаргүй зээлийг төлүүлэхэд хүндрэл үүсэж байна.
Иймд Монгол Улсын санхүүгийн тогтвортой байдлыг хангаж эдийн засгийг сэргээн иргэд, айл өрх, аж ахуйн нэгжийг санхүүгийн гүн хямралд орохоос урьдчилан сэргийлэх үүднээс банкны салбарын тогтвортой байдлыг бүрдүүлэх зайлшгүй хэрэгцээ шаардлагатай тулгарсан. Энэ хүрээнд банк, санхүүгийн салбарын тогтвортой байдлыг хангах зорилго бүхий Актив удирдлагын компанийн тухай хуулийн төслийг өргөн мэдүүлсэн байна.
Тус хуулийн төсөл нь Монгол Улсын Актив удирдлагын компани, түүний үйл ажиллагааны зарчим, удирдлага, зохион байгуулалтын эрх зүйн үндэс болон эрхлэх үйл ажиллагааны хүрээг тогтоож зохицуулсан бөгөөд нийт 9 бүлэг, 43 зүйлтэй байна.
Хуулийн төсөл батлагдсанаар дараах нийгэм, эдийн засаг, эрх зүйн үр дагавар бий болно гэж үзсэн байна. Үүнд:
1. Зах зээл дэх зээлийн нийлүүлэлт нэмэгдэж том, жижиг, дунд бизнес эрхлэлтэд бодитой дэмжлэг үзүүлнэ;
2. Санхүүгийн систем дэх зээлийн эргэн төлөлтийн явц хурдсах, банкны зохистой харьцаа голлох үзүүлэлтүүд муудаж төлбөрийн чадварын хүндрэлд орохоос сэргийлэх хөрвөх чадвартай хоёрдогч захын үйл ажиллагааг хөгжүүлэх, чадавхыг нэмэгдүүлнэ;
3. Улсын төсөвт ирээдүйд учирч болзошгүй их хэмжээний зардлыг бууруулж, тодорхой хэмжээнд хэмнэлтийг бий болгохын зэрэгцээ төрийн үйлчилгээнд инноваци болон түүнтэй холбогдох судалгаа шинжилгээний ажлыг нэвтрүүлэх боломжийг нэмэгдүүлнэ;
4. Төрөөс тодорхой зардал гарах боловч хариуцсан төрийн байгууллагын чиг үүрэгт нэмэлт, өөрчлөлт бий болгохгүй, харин үйл явц илүү тодорхой, ил тод болно.
Эх сурвалж: https://lawforum.parliament.mn/project/81/