ХУУЛИЙН ПОЗИТИВИЗМЫН ТАЛААРХ ЗАРИМ ОЙЛГОЛТ
Хуулийн позитивизм нь жам ёсны онолыг шүүмжилж үүссэн байдаг. Энэ онолын үндэслэгчдийн нэг төлөөлөл бол Английн философич Жон Остин (1790-1859) юм. Тэрээр анх удаа хуулийн позитивизмын онолын үндсийг боловсруулсан байдаг.
Остин “тушаал” (command)-ыг онолынхоо үндэс болгосон юм. Бүх хууль тушаал юм, хууль ямар нэг захирах хэлбэргүй байсан ч тушаалын юм гэж тэрээр баталжээ. Хууль бол нийгмийн хяналтын албадлагын арга. Тэр захирамж өгч байгаа хүнээсээ анхаарал мөн дуулгавартай байхыг шаарддаг. Остины тодорхойлсоноор тушаал гэдэг нь нэгдүгээрт өөрийн хүслийг тэмдэглэх явдал, хоёрдугаарт энэ хүслийг хангаагүйн төлөө хор уршиг тарих чадвар юм. Тэрээр энэ боломжит хор уршигийг санкц буюу шийтгэл, цээрлэл гэсэн байна. Түүний үзлээр тушаал авсан хүн тушаалыг биелүүлэх ёстой, үүрэгтэй юм.
Хэрэв тушаал авсан хүн тушаалыг гүйцэтгээгүйн төлөө тушаал өгөгчид шийтгэл оногдуулах ямар ч боломж байхгүй тохиолдолд шийтгэлээс ов заль, арга мэхээр мултарсан хүн хариуцлагаас чөлөөлөгдөх болж байна гэж үү?
Дээрх бэрхшээлээс гарах арга замыг XX зууны хуулийн позитивизмын онолчдын нэг Ханс Кельзен (1881-1973) тушаалын статусыг олж авах хүсэлт хүргэдэг ганц нөхцөл нь энэ хүсэлд “хуулийн хариуцлага тогтоох” гэсэн үндэслэлээрээ илэрхийлсэн байдаг. Х.Кельзен “шийтгэдэг” ба “хасдаг” гэсэн хуулийн хоёр хариуцлагыг ялгасан. “Шийтгэдэг” хуулийн хариуцлага нь эрүүгийн хэрэгт холбогдуулан төрийн зүгээс шийтгэх явдал, “Хасдаг” хуулийн хариуцлага нь төрийн зүгээс таны үйл ажиллагааг албан ёсоор зогсоох явдал юм гэжээ.