ДААТГУУЛАГЧ (ИРГЭН)-ИЙН ХӨДӨЛМӨРИЙН ЧАДВАР АЛДАЛТЫГ ТОГТООХОД БАРИМТЛАХ ӨВЧНИЙ ЖАГСААЛТ, ХӨДӨЛМӨРИЙН ЧАДВАР АЛДАЛТЫН ХУВЬ ХЭМЖЭЭ, ХУГАЦААГ ШИНЭЧЛЭН БАТЛАСАН БАЙНА.

Эрүүл мэндийн сайд, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын хамтарсан 2021 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн №А/758, А/197 дугаар тушаалаар Даатгуулагч (иргэн)-ийн хөдөлмөрийн чадвар алдалтыг тогтооход баримтлах өвчний жагсаалт, хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хэмжээ, хугацааг шинэчлэн батласан байна.

Даатгуулагч (иргэн)-ийн хөдөлмөрийн чадвар алдалтыг тогтооход баримтлах "Ердийн өвчний жагсаалт, хувь хэмжээ, хугацаа”, "Мэргэжлээс шалтгаалсан өвчний жагсаалт, хувь хэмжээ, хугацаа"-г тус тус баталсан байна.

Тус тушаалыг мөрдөж ажиллахыг Эмнэлэг хөдөлмөрийн магадлах төв, салбар, орон нутгийн комисс, эмнэлгийн байгууллагын Эмнэлэг хяналтын комисст тус тус үүрэг болгосон байна. Мөн хэрэгжүүлэх талаар Эмнэлэг хөдөлмөрийн магадлах комисс, Эмнэлэг хяналтын комисс, холбогдох эмч, мэргэжилтнүүдэд сургалт зохион байгуулах, мэргэжил арга зүйгээр хангах, даатгуулагч (иргэн)-д мэдээлэл өгч, сурталчилж ажиллахыг Эрүүл мэндийн яамны Эмнэлгийн тусламж, үйлчилгээний газар, Нийгмийн даатгалын ерөнхий газар, Нийгмийн даатгалын ерөнхий газрын дэргэдэх Эмнэлэг хөдөлмөрийн магадлах төв комисст тус тус даалгасан.

Өвчний жагсаалтаас хасагдсан эсхүл өөрчлөгдсөн өвчний заалтаар урьд нь хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацаа тогтоолгосон, эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын хүчин төгөлдөр шийдвэртэй даатгуулагч (иргэн)-ийн хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацааг урьд байснаар үргэлжлүүлэн мөрдүүлэхээр зохицуулсан байна.

Эх сурвалж: https://legalinfo.mn/mn/detail?lawId=16389707033381