“АЖЛЫН ЦАГИЙГ НЭГТГЭН БОДОХ ЖУРАМ”-ЫН ЕРӨНХИЙ ТАНИЛЦУУЛГА
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн А/193 дугаар тушаалаар “Ажлын цаг нэгтгэн бодох журам”-ыг баталсан байна. Тус журмаар ажил, үйлчилгээ, үйлдвэрлэлийн онцлогоос шалтгаалан хуулиар тогтоосон өдрийн болон долоо хоногийн ердийн ажлын цагийн хязгаарыг баримтлах боломжгүй аж ахуйн нэгж, байгууллагын ажилтны ажлын цагийг нэгтгэн бодохтой холбоотой харилцааг зохицуулна.
Уг журмын дагуу ажлын цагийг дараах байдлаар нэгтгэн бодож тодорхойлно. Үүнд:
1. Ажилтны ажил, үйлчилгээ, үйлдвэрлэлийн оргил ачааллын үед ажилласан нийт цагийг тодорхойлохдоо тухайн хугацаанд ажилласан өдрийн тоог ажлын өдрийг уртасган тогтоосон цагаар үржүүлж тооцно.
2. Ажил, үйлчилгээ, үйлдвэрлэлийн оргил ачааллын үед ажилласан ажилтны ердийн ажлын цагаас хэтрүүлэн ажилласан цагийг тодорхойлохдоо ажилтны нийт ажилласан цагаас тухайн хугацааны ердийн ажлын өдрийн үргэлжлэлээр тооцсон ажлын цагийг хасна.
3. Ажил олгогч ажилтны ердийн ажлын цагаас хэтрүүлэн ажилласан цагийг ажлын ачаалал хэвийн үед нөхөн амраах; ажлын өдрийн үргэлжлэх цагийг богиносгох; долоо хоногийн ажлын өдрийн тоог цөөрүүлэх; ээлжийн амралтын хугацаан дээр нэмэгдэл амралт олгох байдлаар зохицуулна. Энэ тохиолдолд ажилтны ердийн ажлын цагаас хэтрүүлэн ажилласан цагийн тооцоог тухайн улирал эсхүл тухайн жилд нь багтаан хийнэ.
4. Ажил олгогч 3 дахь хэсэгт дурдсан зохицуулалтыг хэрэглээгүй тохиолдолд ажилтны ердийн ажлын цагаас хэтрүүлэн ажилласан цагт ногдох цалин хөлсийг тухайн ажилтны нэг цагийн дундаж цалин хөлсийг 1.5 дахин, түүнээс дээш хэмжээгээр нэмэгдүүлж олгоно. Мөн ажилтны ердийн ажлын цагаас хэтрүүлэн ажилласан цаг болон цалин хөлсний тооцоог оргил ачааллын үе дууссаны дараа сард нь багтаан хийнэ.
5. Ажилтан өөрөө хүсвэл ердийн ажлын цагаас хэтрүүлэн ажилласан цагаа бүтнээр, эсвэл тодорхой хэсгийг нь биеэр нөхөн амрахгүйгээр ажиллаж болно.
6. Ажлын цагийг нэгтгэн бодох журмыг мөрдөж байгаа үед долоо хоногийн амралтын болон нийтээр амрах баярын өдөр, шөнийн цагаар ажилласан ажилтныг нөхөн амруулаагүй бол нэмэгдэл хөлсийг олгоно.
Энэхүү журмыг 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
Эх сурвалж: https://legalinfo.mn/mn/detail?lawId=16389706618161