ХҮҮХДИЙН ЭРХИЙН ХУУЛЬ ЗҮЙН ХОРООНЫ ТАЛААР

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд, хууль зүй, дотоод хэргийн сайдын 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн А/190, А/280 дугаар хамтарсан тушаалын хавсралтаар “Хүүхдийн эрхийн хууль зүйн хорооны бүрэлдэхүүн, зохион байгуулалт, үйл ажиллагааны журам”-ыг баталсан байна.

Хууль зүйн хороо, түүний Ажлын алба нь Хүүхэд хамгааллын тухай хууль, холбогдох бусад хууль тогтоомж, энэ журамд заасан үүргээ хэрэгжүүлэхдээ  хүүхдийн  эрүүл мэнд, ёс суртахуун, сэтгэцийн онцлогийг харгалзаж хүүхдийн нас биед тохирсон, хүсэл сонирхолд нийцсэн зөвлөгөө, туслалцаа, дэмжлэг үзүүлж,  үйлдсэн гэмт хэрэг, зөрчлийн хор уршгийг нь ухамсарлуулах, бусдад учруулсан хохирол, гэм хорыг арилгахад хүүхдийг оролцуулах, гэмт хэрэг үйлдэхэд хүргэсэн шалтгаан нөхцөлийг арилгах, сөрөг нөлөөнөөс тусгаарлах зэрэг арга хэмжээг хууль тогтоомжид заасан хүрээнд нийцүүлэн авна.

Хууль зүйн хороо нь аймаг, дүүрэгт гэмт хэрэг, зөрчил үйлдсэн гэж сэжиглэгдэж, мөрдөн шалгагдаж байгаа, эсхүл гэмт хэрэг үйлдэж ял шийтгүүлсэн, албадлагын арга хэмжээ авагдсан, зөрчил үйлдэж шийтгэгдсэн хүүхдэд үйлчилгээ үзүүлэх ажлыг зохион байгуулна.

Мөн Хүүхэд хамгааллын тухай хуульд заасны дагуу Гэрч хохирогчийг хамгаалах тухай хуулийн үйлчлэлд хамаарахгүй хүүхдэд энэ журамд заасны дагуу туслалцаа үзүүлэн, зөвлөгөө өгч, эрх ашгийг нь хамгаална.

Хууль зүйн хорооны дарга нь тухайн аймаг, дүүргийн Засаг даргын орлогч байна.

Хууль зүйн хорооны гишүүнээр дараах алба хаагч, иргэн ажиллана:

- Аймаг, дүүрэг дэх шүүхийн Тамгын газрын дарга;

- Аймаг, дүүргийн Прокурорын газрын ерөнхий прокурор;

- Аймаг, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн дарга;

- Аймаг, дүүргийн хууль, эрх зүйн асуудал хариуцсан нэгжийн дарга;

- Аймаг, дүүргийн хүүхэд, гэр бүлийн хөгжлийн асуудал хариуцсан газар /хэлтэс/-ын дарга;

- Аймаг, дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн нарийн бичгийн дарга;

- Аймаг, дүүргийн боловсролын асуудал хариуцсан газар /хэлтэс/-ын дарга;

- Аймаг, дүүргийн эрүүл мэндийн асуудал хариуцсан газар /хэлтэс/-ын дарга;

- Аймаг, дүүргийн хөдөлмөр, халамжийн үйлчилгээ  хариуцсан газар /хэлтэс/-ын дарга;

- Аймаг, дүүргийн Цагдаагийн газар /хэлтэс/-ын дарга;

- Аймаг, дүүргийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар /хэлтэс/-ын дарга;

- Хүний эрхийн Үндэсний комиссын орон нутаг дахь ажилтан;

- Өмгөөлөгчдийн холбооны аймаг, дүүргийн салбар зөвлөлийн дарга /зөвшилцсөнөөр/;

- Аймаг, дүүрэгт гэр бүл, хүүхдийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллагын төлөөлөл /зөвшилцсөнөөр/;

- Аймаг, дүүргийн хүүхдийн элч /зөвшилцсөнөөр/.