БҮХ НИЙТИЙН АНГЛИ ХЭЛНИЙ СУРАЛЦАХУЙГ ДЭМЖИХ АРГА ХЭМЖЭЭГ БАТЛАХ ТУХАЙ
Монгол Улсын Засгийн Газрын 2021 оны 12 дугаар сарын 8-ны өдрийн 372 дугаар тогтоолын хавсралтаар "Бүх нийтийн англи хэлний суралцахуйг дэмжих арга хэмжээ (2022-2025)"-г баталсан байна. Үүнд:
"Алсын хараа-2050" Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого" болон "Боловсролын салбарын хөгжлийн дунд хугацааны төлөвлөгөө (2021-2030)"-нд хүүхэд, залуучуудад олон улсад мэдлэг, ур чадвараараа өрсөлдөх, ерөнхий боловсролын сургуульд олон улсын хөтөлбөр хэрэгжүүлэх, их, дээд сургуулийн олон улсын эрэмбийг ахиулах боломжийг олгох зорилтуудыг дэвшүүлсэн бөгөөд энэ зорилтуудын хэрэгжилтийг хангахад англи хэлний боловсрол чухал тулгуур байх юм.
Бүх нийтийн англи хэлний суралцахуйг дэмжих арга хэмжээ нь иргэдэд амьдралын аль ч үед орон зай, цаг хугацаанаас үл хамааран англи хэлийг суралцах боломжийг олгоход чиглэх бөгөөд уг арга хэмжээг төр, хувийн хэвшил, олон улсын байгууллага, иргэдийн оролцоотойгоор хамтран хэрэгжүүлнэ.
Арга хэмжээний зорилго, зорилт
Бүх нийтийн англи хэлний суралцахуйг дэмжих арга хэмжээний зорилго нь иргэдэд амьдралын аль ч үед нас, ялгаатай хэрэгцээ, орон зай, байршлаас үл хамааран англи хэл сурах тэгш боломжийг олгох, үндэсний тогтолцоог бүрдүүлэхэд оршино.
Арга хэмжээ нь дараах зорилтыг хэрэгжүүлэхэд чиглэнэ:
- Бүх нийтийн англи хэлний боловсролын тогтолцоог хөгжүүлэх, үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх;
- Иргэдэд өөрийн хэрэгцээнд нийцсэн англи хэлний мэдлэг, чадвар эзэмших, түвшин ахиулах боломжийг бүрдүүлэх, хувилбарт сургалт болон бусад үйл ажиллагааг түгээн дэлгэрүүлж, бүх нийтийн англи хэлний ур чадварыг баталгаажуулах.
Арга хэмжээг хэрэгжүүлэх хугацаа, үйл ажиллагаа
Арга хэмжээг 2022-2025 онд хоёр үе шаттайгаар хэрэгжүүлнэ.
Бүх нийтийн англи хэлний боловсролын тогтолцоог хөгжүүлэх, үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх зорилтын хүрээнд 2022-2023 онд дараахь үйл ажиллагааг хэрэгжүүлнэ:
- Бүх нийтийн англи хэлний боловсролын нөхцөл байдлын судалгаа хийж, хэрэгцээг тодорхойлох;
- Бүх нийтийн англи хэлний цогц чадамжийн хүрээг олон улсын түвшинд нийцүүлэн боловсруулах (Англи хэлний цогц чадамжийн хүрээ);
- Англи хэлний багшийн стандарт боловсруулж, англи хэлний багш бэлтгэдэг дээд боловсролын сургалтын байгууллага болон багшийн мэргэжил дээшлүүлэх сургалтын хөтөлбөр, түүний магадлан итгэмжлэл, төгсөгчийн мэдлэг, чадварын үнэлгээнд тусгах;
- Бүх нийтийн англи хэлний суралцахуйг дэмжих, удирдан чиглүүлэх, зохион байгуулалтыг хангах, суралцахуйн үр дүнг баталгаажуулах чиг үүрэг бүхий мэргэжлийн институцийг бий болгож, чадавхжуулах;
- Ерөнхий боловсрол, мэргэжлийн болон дээд боловсролын сургалтын байгууллагын англи хэлний багш нарыг чадавхжуулах;
- Их, дээд сургуульд англи хэлний багш мэргэжлээр суралцаж буй оюутнуудыг чадавхжуулах, англи хэлний олон улсын шалгалтын оноотой төгсгөдөг болгох;
- Ерөнхий боловсролын сургуулийн 12 дугаар ангийн төгсөгчдийг англи хэлний олон улсын шалгалтын оноотой төгсгөдөг болгох, англи хэлний олон улсын шалгалт өгөх боломжийг олгож, төрөөс дэмжлэг үзүүлдэг болох;
- Оюутан, суралцагч, багш нарын дунд сургалтаас гадуурх англи хэлний төрөл бүрийн арга хэмжээ зохион байгуулах;
- Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит тэтгэлэгтэй төгсөгчдөд гадаадын шилдэг их, дээд сургуульд суралцах англи хэлний бэлтгэл сургалтад дэмжлэг үзүүлэх;
- Хуулийн этгээд, аж ахуйн нэгж, байгууллагууд ажилтан, албан хаагчийн англи хэлийг бие дааж, ажлын байрандаа сурч боловсрох, тэдний англи хэлний насан туршийн суралцахуйг дэмжих.
Иргэдэд өөрийн хэрэгцээнд нийцсэн англи хэлний мэдлэг, чадвар эзэмших, түвшин ахиулах боломжийг бүрдүүлэх, хувилбарт сургалт болон бусад үйл ажиллагааг түгээн дэлгэрүүлж, бүх нийтийн англи хэлний ур чадварыг баталгаажуулах зорилтын хүрээнд 2024-2025 онд дараахь үйл ажиллагааг хэрэгжүүлнэ:
- Ерөнхий боловсролын ахлах анги болон их, дээд сургуулийн зарим хичээл (сонгон судлах, байгалийн ухаан, математик)-ийг англи хэлээр заах багш нарыг мэргэжлийн англи хэлний сургалтад хамруулах;
- Ерөнхий боловсролын сургуулийн англи хэлний хөтөлбөр, арга зүй, үнэлгээг англи хэлний цогц чадамжийн хүрээнд нийцүүлэн сайжруулах, хичээлээс гадуурх үйл ажиллагааг дэмжих;
- Мэргэжлийн боловсролын сургалтын байгууллагын суралцагчдад ажлын байранд шаардагдах мэргэжлийн англи хэлний сургалтын хөтөлбөр хэрэгжүүлэх;
- Ерөнхий боловсрол, мэргэжлийн болон дээд боловсролын сургалтын байгууллагын багш, суралцагчдын англи хэлний чадамжийг хөгжүүлэх ментор сургалтад дэмжлэг үзүүлэх;
- Дээд боловсролын сургалтын байгууллагын багш нарыг англи хэлээр эрдэм шинжилгээ, судалгааны ажил хийхэд гадаадын зочин профессор, удирдагч нарыг сайн дурын үндсэн дээр ажиллуулах, судалгааны бүтээл хэвлүүлэхэд арга зүйн дэмжлэг үзүүлэх;
- Насан туршийн боловсролын төв болон мэргэжлийн холбоод, сайн дурын үндсэн дээр гадаад улсад ажиллаж, амьдарч байгаа Монгол Улсын иргэн, мэргэжлийн байгууллагатай хамтран англи хэлний сургалтыг үндэсний хэмжээнд зохион байгуулах, үр дүнг албан ёсоор хүлээн зөвшөөрч, баталгаажуулах ажлыг эхлүүлэх.
Эх сурвалж: https://legalinfo.mn/mn/detail?lawId=16389842542241