КОРОНАВИРУСТ ХАЛДВАРЫН ТАРХАЛТЫН ТҮВШИНД ҮНДЭСЛЭН ХҮН, ХУУЛИЙН ЭТГЭЭДИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААГ ЗОХИЦУУЛАХ ТҮР ЖУРАМ

Монгол Улсын Засгийн газрын 2022 оны нэгдүгээр сарын 5-ны өдрийн 01 дүгээр тогтоолоор “Коронавируст халдварын тархалтын түвшинд үндэслэн хүн, хуулийн этгээдийн үйл ажиллагааг зохицуулах түр журмын” тухай хэлэлцэж шийдвэрлэжээ.

Энэ журам нь коронавируст халдвар /КОВИД-19/-ын тархалтын түвшин, дархлаажуулалтын хамралт, нийгэм, эдийн засгийн нөхцөл байдалд үндэслэн уг халдварын үеийн хүн, хуулийн этгээдийн үйл ажиллагааг зохицуулах мөн хүн амын эрүүл мэндийг хамгаалах, нийгмийн хэв журам сахиулах зарчим баримтална.

Халдварын тархалтын үе шат нь дараах түвшинтэй байна. Үүнд:

1. Ногоон түвшин (тархалт бага тогтвортой);

2. Шар түвшин (зөөвөрлөгдсөн алаг цоог тархалттай);

3. Улбар шар түвшин (халдвар голомтот тархалттай);

4. Улаан түвшин (халдвар хүн амын дунд тархсан);

Халдварын тархалтын түвшинтэй уялдуулан бүх шатны онцгой комисс дараах арга хэмжээг хэрэгжүүлнэ:

1. “Ногоон түвшин”-д хүн, хуулийн этгээдийн үйл ажиллагааг хязгаарлахгүй, нийгмийн эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх арга хэмжээг хэрэгжүүлж ажиллана;

2. “Шар түвшин”-д бүх төрлийн үйл ажиллагааг хязгаарлахгүйгээр улсын онцгой комиссоос баталсан журмын дагуу байгууллага, аж ахуй нэгжийн үйл ажиллагаанд тавигдах тусгай нөхцөл, шаардлагыг мөрдөж ажиллана;

3. “Улбар шар түвшин”-д хариуцлагын гэрээ байгуулж хүн, хуулийн этгээдийн үйл ажиллагааг тодорхой хүрээнд хязгаарлана;

4. “Улаан түвшин”-д нутаг дэвсгэрийн хэмжээнд бүрэн эсхүл хэсэгчилсэн байдлаар хорио цээр, хязгаарлалтын дэглэмийг тогтоож, хүн, хуулийн этгээдийн үйл ажиллагааг зохицуулна.

Энэ журмыг зөрчсөн хүн, хуулийн этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол Төрийн албаны тухай, Зөрчлийн тухай хуульд заасны дагуу хариуцлага хүлээлгэхээр тусгасан байна.

Эх сурвалж: https://nema.gov.mn/covid-19