ИРГЭНИЙ ХЭРЭГ ШҮҮХЭД ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ АЖИЛЛАГААНД ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧ ОРОЛЦОХ
Анхан шатны шүүх хэрэг, маргааныг хамтран шийдвэрлэхдээ ил тод байдал, шударга ёс, олон нийтийн хяналтыг бий болгох зорилгоор иргэдийн төлөөлөгчийг хуульд заасан журмын дагуу оролцуулна.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож буй иргэдийн төлөөлөгч нь дараах шаардлага хангасан байна. Үүнд:
1. Эрх зүйн бүрэн чадамжтай, 25-60 хүртэл насны Монгол Улсын иргэн байх;
2. Тухайн анхан шатны шүүхийн харьяаллын нутаг дэвсгэрт байнга оршин суудаг байх;
3. Эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй.
Дээрх шаардлагыг хангасан иргэдийн төлөөлөгч нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох ба шүүх хуралдааны хэргийн оролцогчид гэдэгт хамаардаг. Хэргийг анхан шатны журмаар гурван шүүгчийн бүрэлдэхүүнтэйгээр хянан шийдвэрлэх шүүх хуралдаанд гурав хүртэл иргэдийн төлөөлөгчийг оролцуулдаг.
Томилогдсон иргэдийн төлөөлөгч нь хуульд заасны дагуу мэдэгдсээр байхад хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй бол зохигчийн зөвшөөрлөөр түүний эзгүйд шүүх хуралдаан явуулж болно. Харин зохигчийн аль нэг нь үүнийг зөвшөөрөөгүй бол шүүх хуралдааныг хойшлуулна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар иргэдийн төлөөлөгч хэрэг хянан шийдвэрлэхэд дараахь эрх эдэлж, үүрэг хүлээж оролцоно.
1. Хэргийн материалтай танилцах, түүнээс тэмдэглэл хийх;
2. ИХШХШтХ-ийн 91 дүгээр зүйлд заасан үндэслэлээр шүүгч, шинжээч, орчуулагч, хэлмэрч, шүүх хуралдааны нарийн бичгийн даргыг татгалзан гаргах тухай хүсэлт гаргах, нотлох баримтыг шинжлэхэд оролцох;
3. Зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч, гэрч, шинжээчид асуулт тавих;
4. Хэргийн үйл баримт, зохигчийн гэм буруугийн талаар бичгээр дүгнэлт гаргах;
5. Шүүгчдийн зөвлөлгөөнөөс хуваарилсан шүүх хуралдааныг таслахгүй байх;
6. Өөрт нь итгэмжлэн мэдэгдсэн төр, байгууллага, хувь хүний нууцтай холбоотой асуудлын нууцыг задруулахгүй байх;
7. ИХШХШтХ-д заасан шүүх хуралдааны дэгийг сахин биелүүлэх.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцсон иргэдийн төлөөлөгч нь хэргийн үйл баримт, зохигчийн гэм буруугийн талаарх дүгнэлтээ бичгээр гаргаж, эрүүл мэндийн болон хүндэтгэн үзэх бусад шалтгааны улмаас бичгээр гаргах боломжгүй бол энэ тухай шүүх хуралдааны тэмдэглэлд тэмдэглүүлж, амаар дүгнэлт гаргаж болох ба дүгнэлтээ шүүх хуралдаанд уншиж сонсгоно.
Эх сурвалж: Иргэний хууль, Шүүхийн тухай хууль