ИРГЭДЭЭС ТӨРИЙН БАЙГУУЛЛАГА, АЛБАН ТУШААЛТАНД ГАРГАСАН ӨРГӨДӨЛ, ГОМДЛЫГ ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ

Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх үйл ажиллагааг Иргэдээс төрийн байгууллага албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай 1995 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн хуулиар зохицуулж байгаа бөгөөд уг хуульд 2017 оны 5 сарын 18-ны өдөр нэмэлт, өөрчлөлт оруулжээ.

Монгол улсын иргэн дангаар буюу хамтарч төрийн байгууллага, албан тушаалтанд өргөдөл, гомдол гаргах эрхтэй. Өргөдөл, гомдол үнэн зөв байна.

Өргөдөл, гомдол гаргагч дараах эрх эдэлнэ:

Гаргасан өргөдөл, гомдлынхоо хариуг авах;

- Өргөдөл, гомдолтойгоо холбогдуулж тайлбар, нотлох баримт гаргах;

- Өргөдөл гомдлоосоо татгалзаж, буцаан авах;

- Өгсөн хариуг зөвшөөрөөгүй тохиолдод зохих дээд шатны албан тушаалтанд гомдол гаргах;

- Төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдолоо шийдвэрлүүлэх.

Өргөдөл гомдлыг төрийн албан ёсны хэлээр бичгээр буюу амаар гаргана. Өргөдөл, гомдлыг цахим сүлжээгээр дамжуулан гаргаж болно. Төрийн албан ёсны хэлийг мэдэхгүй бол төрөлх хэлээрээ өргөдөл, гомдол гаргаж болно.

Өргөдөл, гомдолд тавигдах шаардлага:

Бичгээр гаргасан өргөдөл, гомдолд овог, нэр оршин суугаа газрын буюу шуудангийн хаягаа бичиж, гарын үсгээ зурна. Хүндэтгэн үзэх шалтгаанаар гарын үсгээ зурж чадахгүй бол бусдаар төлөөлүүлэн зурж болно.

- Өргөдөл гомдлыг иргэд бичгээр хамтран гаргасан бол түүнд бүгд гарын үсэг зурах эсхүл тэдгээрийн төлөөлөгч гарын үсэг зурж, төлөөлөх эрхээ нотлох баримт бичгийг хавсаргана.

- Өргөдөл, гомдол гаргахад энэ зүйлд зааснаас бусад зүйл шаардахыг хориглоно.

Өргөдөл, гомдлыг шийдвэрлэх, хариу өгөх

Өргөдөлд дурдсан асуудлыг шууд шийдвэрлэх боломжтой бол зохих шийдвэрийг гаргана.

- Шууд шийдвэрлэх боломжгүй бөгөөд удаан хугацаанд шийдвэрлэгдэх асуудал /орон сууц олгуулах гэх мэт/-аар өргөдлийг тусгай бүртгэлд бүртгэж, шийдвэрлэлтэнд хяналт тавина.

- Гомдлыг албан тушаалтан өөрийн бүрэн эрхийн хүрээнд шийдвэрлэнэ.

Өргөдөл, гомдлыг хүлээн авсан өдрөөс хойш 30 хоногт багтаан шийдвэрлэнэ. Шаардлагатай тохиолдолд уг хугацааг тухайн байгууллагын удирдах албан тушаалтан 30 хүртэл хоногоор нэмж сунгаж болно. Хугацаа сунгасан тухай өргөдөл, гомдол гаргагчид мэдэгдэнэ. Харин саналын шинжтэй өргөдлийн хариуг 90 хоногт багтаан өгнө.

Өргөдөл, гомдол гаргагч өргөдөл гомдлын талаархи шийдвэрийг зөвшөөрөхгүй тохиолдолд гомдол гаргах эрхтэй. Хуульд өөрөөр заагаагүй бол гомдлыг зохих шатны байгууллага, албан тушаалтанд гаргана.